Та энд байна:

580 сая ам.долларын евро бондын эргэн төлөлт хийгдлээ 

Энэ сарын 21-нд хугацаа нь дуусаж байгаа Хөгжлийн банкны таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын Евро бондын эргэн төлөлтийг хийжээ. Эргэн төлөлтийг хийх олон хувилбар яригдаж байснаас хоёрдугаар сараас хөрөнгө оруулагчдад санал болгосон “Хуралдай” бондын хөрөнгөөс эргэн

төлөлтийг гүйцэтгэсэн байна. 2012 оны гуравдугаар сарын 21-нд таван жилийн хугацаатай гаргасан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын “Евро” бондын хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө эргэн төлөлтөө гүйцэтгэжээ. Хөгжлийн банкны бондын хэмжээ 580 сая ам.доллар байснаас 475.9 сая ам.долларын бондыг эзэмшиж байсан хөрөнгө оруулагчид Засгийн газраас санал болгосон долоон жилийн хугацаатай “Хуралдай” бондоор өөрсдийн эзэмшилд байсан бондоо солих саналыг хүлээн авснаар эргэн төлөлтийн 82 хувь нь гуравдугаар сарын эхээр шийдэгдээд байсан юм. Харин 600 сая ам.долларын “Хуралдай” бондоос хөрөнгө оруулагчдад шинээр санал болгож босгосон 124 сая ам.доллараас Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийн үлдэгдэл болох 104 сая ам.долларын үндсэн төлбөр, мөн хоёр сая 990 гаруй мянган ам.долларын хүүгийн төлбөрийг даваа гарагт шилжүүлжээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн Засгийн газрын “Хуралдай” бондын хугацаа тоологдож эхэлж байна.

Эргэн төлөлт хийгдсэний дараа “Хуралдай” бондын ханш өсөлттэй байлаа. “Хуралдай” бонд хоёрдогч зах зээлд арилжаалагдаж байгаа бөгөөд ханш нь 108 ам.долларын түвшинд тогтвортой өсөж байна. Гуравдугаар сарын 9-нд төлбөр хийгдсэний дараа үл ялиг суларсан ч 10-наас хойш тогтвортой өсөж байгаа ажээ. Харин энэхүү бондын эргэн төлөлтийг гүйцэтгэснээр Хөгжлийн банкны нэр дээр “Самурай” бонд үлдэж байна. 10 жилийн хугацаатай, 30 тэрбум иен буюу тухайн үеийн ханшаар 300 гаруй сая ам. долларын бондын эргэн төлөлт 2023 онд хийгдэнэ. Энэ бондын хувьд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатай гаргаж байсан учраас хүү харьцангуй бага буюу 1.52 хувь байдаг. Хамгийн сүүлийн байдлаар буюу гуравдугаар сарын 17-ны байдлаар ханш нь 10.34 ам.доллар байлаа.

Үүнээс гадна улсын хэмжээнд гүйцэтгэх дараагийн томоохон төлбөр “Чингис” бондынх байгаа аж. Таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын дүн бүхий “Чингис” бондын хугацаа 2018 оны нэгдүгээр сарын 5-нд дуусна. Энэхүү бондын эргэн төлөлтийг хийхэд одоо хүлээгдэж байгаа Олон Улсын Валютын Сангийн Өргөтгөсөн Санхүүжилтийн хөтөлбөрт орж, цаг алдалгүй нөөц бүрдүүлж эхлэх нь чухал байгаа аж. Мөн “Хуралдай” бондыг амжилттай гаргасан нь олон улсад Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт орж, төсөв, санхүүгийн сахилга баттай болно гэх итгэл бий болжээ. Харин энэ хөтөлбөрийг эхлүүлэх хугацаа төсвийн тодотголыг батлахтай холбоотойгоор хойшлоод байна. Хэдийгээр Олон Улсын Валютын Сан үүнд хүлээцтэй хандаж байгаагаа илэрхийлсэн ч тус сангийн хөтөлбөр дээр суурилсан итгэлийг ашиглан Хөгжлийн банкны бондын асуудлыг шийдсэний дараа Монголын тал энэ асуудалд хойрго хандаж байгаа нь нэг талаараа хөрөнгө оруулагчдын итгэл алдрах шалтгаан болох эрсдэл болж болох юм. Харин УИХ-ын ээлжит бус чуулган эхэлмэгц төсвийн тодотголын төслийг эхний асуудал болж оруулна гэх хүлээлттэй байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn