Та энд байна:

"ALPHABET"-ИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ 3.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ 46 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ 

"Google"-ийн толгой компани "Alphabet"-ийн 2016 оны санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын ашиг шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Компани шинэ төслүүд дэх хөрөнгө оруулалтаа эрчимтэй нэмэгдүүлсэн нь үүнд нөлөөлсөн байна. "Alphabet"-ийн орлого 21.2 тэрбум ам.долларт хүрсэн ч, нэгж хувьцаанд ногдох ашиг 9.3 ам.доллараар хэмжигдэж байгаа нь шинжээчдийн 9.6 ам.долларт хүрнэ гэж таамагласантай харьцуулахад доогуур дүн болжээ. Мөн компанийн хөрөнгийн зарцуулалт 3.1 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 46 хувиар өссөн байна. Тодруулбал "Pixel" ухаалаг гар утас болон бусад төхөөрөмжөө гаргахад голчлон анхаарч, бүтээгдэхүүний зар сурталчилгааг хийхийн тулд их хэмжээний санхүүжилт олгожээ. “UBS” банкны шинжээчид "Alphabet"-ийг зар сурталчилгаанд оруулах хөрөнгө оруулалтаа 491 сая ам.доллараар нэмэгдүүлнэ гэж таамаглаж байсан. Гол нь энэ их зардал компанийн хувьцааны ашигт эрсдэл дагуулж байгааг шинжээчид онцолж байгаа юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn