Та энд байна:

"Discover Mongolia"-ийн онцлох сэдэв 

Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уул уурхайн хөрөнгө оруулагчдын "Discover Mongolia" чуулганаар Монголын ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүс нутгийн геологи зэрэг сэдвийг хөндлөө. Хоёр өдөр үргэлжлэх чуулганы үеэр “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 65.19 хувь буюу 9.7 тэрбум ширхэг хувьцааг “Эрдэнэс Монгол” компанийн санхүүгийн тайланд бүртгэх ажлыг эхлүүлснийг тус компанийн дэд захирал Г.Ганболд мэдэгдсэн байна. Тодруулбал, “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны бүртгэлийг нэг мөр дуусгаж, цаашид Хөрөнгийн биржээр арилжаанд гаргах боломж бүрдсэнийг онцолжээ. Мөн “Эрдэнэс Монгол”-ын иргэн болгон эзэмших, давуу эрхийн нэг ширхэг хувьцааг 2017 онд багтаан гаргах тогтоол гарсан юм. Хэрэв энэ нь амжилттай хэрэгжвэл “Эрдэнэс Монгол” ХХК олон улсын зах зээлд гарч хөрөнгө босгоход хүндрэлгүй болно гэдгийг компанийн удирдлагууд мэдээллээ.

Түүнчлэн чуулганы үеэр Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас Монгол Улсын голлох экспортын бүтээгдэхүүн өсөлттэй байгааг онцолсон байна. Тухайлбал, экспортын бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа ажээ. Чуулганы хоёр дахь өдөр хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж буй "Steppe Gold", "Цагаанчулуут", "Өндөр Цахиур" зэрэг төслүүд талаар танилцуулах юм.

Эх сурвалж: BloombergTV.mn