Та энд байна:

China Southern: “American Airlines”-д 270 сая хувьцаагаа худалдана 

БНХАУ-ын “China Southern” компани “American Airlines”-д 200 сая ам.доллараар үнэлэгдэх 270 сая ширхэг хувьцаагаа худалдах болсноо албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн талууд код солилцох, харилцан туршлага солилцох зэрэг хэд хэдэн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. БНХАУ-ын агаарын тээврийн салбар зорчигчдынхоо тоогоор 2024 он гэхэд АНУ-ыг давж, дэлхийд тэргүүлнэ гэсэн тооцоо байдаг. Энэ ч утгаараа “Southern China”-д хөрөнгө оруулах нь “American Airlines” БНХАУ-ын зах зээлд оролцоогоо нэмэх боломж олгох юм.

 

Европын Комисс "Dow Chemical", “Dupont”-ийн нэгдэх хэлцлийг зөвшөөрлөө

Дэлхийн агрохимийн салбарыг бүхэлд нь өөрчлөх хүлээлттэй байгаа гурван мега хэлцлийн нэг нь эцсийн саадаа давлаа. Тодруулбал, Европын Комисс 145 тэрбум ам.доллараар үнэлэгдэх “Dow Chemical” болон “Dupont” компаниудын нэгдэх хэлцлийг албан ёсоор зөвшөөрсөн байна. Салбарын тэргүүлэгчид нэгдэх нь шударга өрсөлдөөн, шинэ инновацийг хязгаарлана гэж бодлого тодорхойлогчид болгоомжилж байсан юм. Энэ ч утгаараа Европын Комиссоос дээрх хоёр компанид бизнесийнхээ тодорхой хэсгийг худалдах шаардлага тавьжээ. “Dow Chemical” болон “Dupont” компаниуд нэгдсэнээр жилд гурван тэрбум ам.долларын зардал хэмнэх хүлээлттэй байна.

 

“Saudi Aramco” компани “Sinopec”-ийг анхдагч зах зээлийн арилжаанд оролцохыг урив

БНХАУ-ын “Sinopec” компанийг “Saudi Aramco” анхдагч зах зээлийнхээ арилжаанд оролцохыг урьсан талаар “Sinopec”-ийн төлөөлөгч мэдэгдлээ. Талууд яриа хэлэлцээрийн шатанд явж байгаа бөгөөд хэлэлцээрийн нөхцөлийг бодит байдал, эрэлт дээр тулгуурлан тохиролцоно гэдгийг албан мэдэгдэлд онцолжээ. БНХАУ-ын газрын тосны дотоодын нөөц буурч, эрэлт нэмэгдэж байгаа учраас хилийн чанадаас хийх импортод өндөр ач холбогдол өгөх болсон аж. Тиймээс “China Investment” болон “CNPC” компаниуд ч мөн “Saudi Aramco”-д хөрөнгө оруулах магадлал их байгааг ажиглагчид онцолж байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn