Та энд байна:

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ “RIO TINTO”-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЖАН СЕБАСТЬЯН ЖАКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг хүлээн авч уулзлаа. Үүний зэрэгцээ “Оюу Толгой”-ийн гүний уурхайн хоёрдугаар босоо амны ажил дууссан болохыг “Turquoise Hill Resources” компани  зарлалаа. Жан Себастьян Жакийн хувьд “Оюу Толгой” компанид тавьсан 155 сая ам.долларын татварын актын талаар "Asia Mining" сэтгүүлд өгсөн тусгай ярилцлагынхаа үеэр тайлбар хийсэн юм. Тэрбээр "Энэ бол бизнест тохиолддог л зүйл. Монголд ч тэр, Австрали, Канадад ч тэр татварын аудит хийгддэг. Бид Монголд удаан хугацаанд байх учраас сайн сайхан зүйлийг бүтээхээр зорьдог. Түүнийгээ ч хийж байгаа. Татварын актын тухайд манай багийнхан бусад улсад болсон жишгээр Засгийн газартай холбогдон ажиллаж байгаа" гэсэн байна. Жан Себастьян Жак хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Хэдэн оны хэдэн сард ногдол ашиг хуваарилж эхэлнэ гэдгийг нарийн хэлэх боломжгүй. Нэгдүгээрт, ногдол ашиг хуваарилах нь зах зээлийн хүчин зүйлсээс хамаарч байгаа. Хоёрдугаарт, “Оюу Толгой” компани хэзээ ашигтай ажиллаж эхлэхээс хамаарна" гэжээ. Үүнийгээ тэрбээр Монгол Улсын Засгийн газар “Оюу Толгой” төслийн 34 хувийг эзэмшихдээ өөрийн хувьд ногдох хөрөнгө оруулалтыг хийгээгүй, харин ирээдүйд олох ногдол ашгаасаа төлөх сонголтыг хийсэнтэй холбон тайлбарласан байна.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт хил дээр үүссэн асуудлаас болж “Оюу Толгой” ХХК гэрээгээр хүлээсэн баяжмал нийлүүлэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдгийг “Turquoise Hill Resources” мэдээлсэн юм. Энэ байдал одоо ч үргэлжилж байгаа гэдгийг дахин мэдэгдлээ. Гэхдээ одоо бол хилийн асуудлыг шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ зөвхөн өнгөрсөн долоо хоногт л гэхэд 2800 тонн баяжмалыг боомтоор гаргасан болохыг Гашуунсухайт боомтын газар мэдээлжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn