Та энд байна:

ХААБ форвард арилжааг нэвтрүүлнэ 

Хөдөө аж ахуйн бирж үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу анхны ноолуурын форвард арилжааг энэ мягмар гарагт зохион байгуулна. Ингэснээр малчид ноолуураа самнахаас гурав хүртэл сарын өмнө биржид ноолуураа зарах захиалга өгөх боломжийг бүрдүүлэх ажээ. Мөн малчид үнийн эрсдэлээс сэргийлж эцсийн худалдан авагчтай шууд харьцах давуу талтай юм байна. Шууд худалдан авагчаар 10 компани оролцох юм. 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа Хөдөө аж ахуйн биржийн дээд арилжааны үнийн дүн энэ онд хийгдсэн байна. 11 дүгээр сарын 24-нд I зэрэглэлийн ноолуурыг 2.3 тэрбум төгрөгөөр арилжжээ. Харин үйл ажиллагаа эрхэлсэн дөрвөн жилийн хугацаан дахь доод арилжааны дүнгээр 2013 оны есдүгээр сарыг нэрлэж болох бөгөөд тухайн сард нийт 3.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Биржийн арилжаа тогтвортой хийгдсэн дөрвөн жилийн дундаж арилжааны дүн өдөрт 1.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.

Арилжааны идэвх сүүлийн нэг жилд сайжирсан байна. Өөрөөр хэлбэл ноолуураа биржээр дамжуулан борлуулдаг малчдын тоо 40 хувиар өсжээ. Энэ онд Хөдөө аж ахуйн бирж 155 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 453 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Эх сурвалж: BloombergTV.mn