Та энд байна:

Монголбанк бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж, 11 хувь болголоо 

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл баасан гарагт хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11 хувь болголоо. Энэ нь шинжээчдийн хүлээлттэй дүйцэж байна. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бодлогын хүүг 0.5-1 нэгж хувиар бууруулна гэж таамаглаад байсан юм. Төв банкны хувьд мөнгөний бодлогоо зөөлрүүүлэх таатай нөхцөл бүрдсэн гэж үзжээ. 11 дүгээр сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 6.5 хувьтай гараад байна. Мөн III улирлын байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн хүлээлтээс давж буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан юм. Уул уурхай салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжиж, гадаад худалдааны нөхцөл сайжирсан, мөн богино хугацааны гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч байгаагаас макро эдийн засгийн эрсдэл буурсан гэж Монголбанк дүгнэсэн байна. Засгийн газар 800 сая ам.долларын “Гэрэгэ” бонд амжилттай гаргаж, ирэх онд төлөгдөх “Чингис” бондын эхний хэсэг буюу 500 сая ам.доллар, “Дим Сам” бондын эргэн төлөлтийг шийдвэрлээд байгаа юм. Мөн гадаад валютын албан нөөц хоёр тэрбум ам.доллараас давсан таатай үзүүлэлт гараад байна. Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийнхөө I, II шатны үнэлгээг гаргаж, дараагийн санхүүжилт болох 79.1 сая ам.долларыг Монгол Улсад олгохоор болсон юм.

Монгол Улсын эдийн засгийг 2017 онд хоёр хувиар өснө гэж таамаглаж байсныгаа 3.3 хувь болгон нэмэгдүүлээд байна. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын хувьд цаашид нүүрсний экспортод учрах бэрхшээл гол эрсдэл байж магадгүй гэж дүгнэжээ. Бодлогын хүүг ийнхүү бууруулснаар эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжилт болон ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлнэ гэж Монголбанк тооцоолж байна.

Эх сурвалж: BloombergTV.mn