Та энд байна:

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 70.3 тэрбум төгрөгөөр өсөөд байна 

Дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ оны эхнээс 5.6 хувиар буюу 70.3 тэрбум төгрөгөөр өсөөд байна. Пүрэв гарагийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд 332.8 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж. Энэ нь хөрөнгийн зах зээл огцом өссөн 2011 оны жилийн эцэстэй харьцуулахад 38.5 хувиар, тухайн оны хоёрдугаар сарын 25-ны өдөр зах зээлийн түүхэн дээд түвшин болох 3.3 их наяд төгрөгтэй харьцуулахад 59.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Сүүлийн таван жилийн хугацаанд зах зээлийн үнэлгээ буурахад нөлөө үзүүлсэн хоёр гол хүчин зүйл байгааг marketinfo.mn-ийн зах зээлийн шинжээчид онцолж байна. Тухайлбал, зах зээлийн ханшийн хөдөлгөөнийг илэрхийлж байдаг ТОП-20 индекс 10,867.51 нэгжийн түвшинд байна. Энэ нь 2011 оны жилийн эцэстэй харьцуулахад 49.89 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа аж. ТОП-20 индексийн түүхэн дээд үзүүлэлт 32 мянга 995 нэгжтэй байжээ. Түүнчлэн Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсан компаниудын нөлөөлөл өндөр байна. Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид 227 компани бүртгэлтэй байгаа боловч 2011 оноос хойш нийт 114 хувьцаат компанийг бүртгэлээсээ хасчээ. Ингэснээр дээрх хасагдсан компаниудын зах зээлийн үнэлгээний хэмжээгээр нийт зах зээлийн үнэлгээ буурсан байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn