Та энд байна:

Герман улс агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн сангийн төсвийг нэмэгдүүлнэ 

ХБНГУ-ын Засгийн газар хотуудын агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн сангийн төсвийг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн дизель хөдөлгүүртэй хуучин автомашинуудад бүрэн хэмжээнд хориг тавихаас сэргийлнэ гэж тус улсын Канцлер Ангела Меркель мэдэгджээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель “Бид хуучин дизель хөдөлгүүртэй автомашинд бүрэн хэмжээнд хориг тавихаас татгалзахад санал нэгдлээ. Түүнчлэн өнөөдрийн чуулганаар Засгийн газар тэн хагас нь авто зах зээл, нөгөө тэн хагас нь төсвөөс бүрдсэн 500 сая еврогийн хөрөнгийн санг нэг тэрбум евро болгож нэмэгдүүлэхэд санал нэгдлээ. Үүгээр бид 2018 оны дунд хүртэл төсвийн асуудлаар шинэ санал оруулахгүй, тэр болтол энэ санхүүжилтээ хэрэглэхээр болж байна” гэж мэдэгдлээ. Үүгээр Германы агаарын чанарыг сайжруулах сангийн төсөв нэг тэрбум еврод хүрч магадгүй байна.

Тус сангийн тусламжтай цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн менежментийн системийг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Энэ хүрээнд өнгөрсөн сард Германы автомашин үйлдвэрлэгчид автомашинаас ялгарах хорт хийг бууруулах зорилгоор таван сая гаруй дизель хөдөлгүүртэй автомашиныг шинэчилсэн програм хангамжийн системд холбох, жолооч нарт хуучин загварын автомашинуудаа арилжихад нь тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг амлалтуудыг өгчээ.

Эх сурвалж: BloombergTV.mn