Та энд байна:

Тереза Мэй: Их Британи Европын Холбоотой худалдааны хэлэлцээр байгуулж чадна 

"Их Британи BREXIT-ийн дараа Европын Холбоотой хийх худалдааны харилцааны талаар хэлэлцээрт хүрч чадна" гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдлээ. Тэрбээр Парламентад үг хэлж, энэ талаар кабинетийнхаа гишүүдтэй уулзсан байна.

 

Харин Европын талаас байр сууриа лхагва гарагт илэрхийлэх юм. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "BREXIT-ийн тухайд яриа хэлэлцээ шинэ шатанд шилжихэд хангалттай ахиц гарсан гэдэгт Европын Зөвлөл санал нэгдсэн. Британичуудын зургаадугаар сард өгсөн олонхын саналын дагуу Их Британи Европын Холбооноос гарах үйл явцыг уян хатан, эмх журамтай явуулахын тулд энэ маш чухал алхам болсон. Энэ хүртэл оролцоо, дэмжлэг үзүүлж ирсэн Жан Клод Юнкер, Дональд Туск болон бусад шийдвэр гаргагчдадаа талархсанаа илэрхийлмээр байна. Өнгөрсөн баасан гарагт миний эн тэргүүнд тавьсан иргэдийн эрхтэй холбоотой асуудлаар хоёр тал зөвшилцөлд хүрч чадсан. Их Британид амьдарч байгаа Европын Холбооны улсын иргэд Их Британийн хуулийн дагуу эрхээ эдэлнэ. Европын Холбоонд төлөх төлбөрийн хувьд үндсэн чиглэлээ гаргасан. 35-39 тэрбум фунт стерлинг төлнө гэж тооцоолж байгаа. Их Британи 2019 оны гуравдугаар сарын 29-нд Европын Холбооноос гарна. Хоёр талын цаашдын харилцаатай холбоотой асуудлууд одоогийн яриа хэлэлцээгээр тодорхой болно" гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: BloombergTV.mn