Та энд байна:

"Facebook"-ийн ашиг, "Apple"-ийн борлуулалт өсөх хүлээлттэй байна 

АНУ-ын технологийн томоохон компаниудын санхүүгийн тайлан энэ долоо хоногт үргэлжлэн гарна. Өнгөрсөн долоо хоногт "Amazon", "Alphabet"-ийн тайлан гарсан бол удахгүй "Apple", "Facebook"-ийн тайлан гарах хүлээлттэй байна. Bloomberg-ийн шинжээчдийн урьдчилан тооцоолсноор "Facebook" компанийн I улирлын ашиг өмнөх оны мөн үеэс 70 хувиар өсөж, 2.5 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Мөн компанийн орлого 45 хувиар өсөж, 7.8 тэрбум ам.долларт хүрэх таамаг гарчээ. Харин "Apple"-ийн борлуулалт II улиралд таван хувиар нэмэгдэж, 53 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байна. Үүний дотор "App store" болон "Apple music" зэрэг бусад үйлчилгээнээс олох орлого 20 хувиар өсөж 7.2 тэрбум ам.долларт хүрнэ гэж санхүүгийн үйлчилгээний "UBS"-ийн шинжээчид тооцоолжээ. 2016 онд "Facebooк", "Google" компаниуд АНУ-ын дижитал зар сурталчилгааны салбарын нийт орлогын 77 хувийг төвлөрүүлсэн аж. Энэ нь өмнөх оноос таван хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин өнгөрсөн долоо хоногт технологийн хэд, хэдэн томоохон компани санхүүгийн тайлангаа танилцуулсан. "Google"-ийн "Alphabet" компанийн I улирлын борлуулалт 20.1 тэрбум ам.долларт хүрч таамгаас давсан. Үүнтэй зэрэгцэн "Amazon"-ийн борлуулалт мөн үед 23 хувиар өсөж 35.7 тэрбум ам.долларт хүрч мөн л таамгийг давсан юм. Борлуулалтаа 20 жил тасралтгүй хоёр оронтой тоогоор өсгөсөн "Amazon" компани энэ онд ч мөн амжилтаа хадгалах төлөвтэй байгааг шинжээчид онцоллоо.

 Эх сурвалж: Bloombergtv.mn