Та энд байна:

Хаягдал яс боловсруулах үйлдвэрийн төсөлд 8 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав 

Малын яс боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд найман сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хооронд хийсэн хэлцлийн дүнд энэхүү хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын талаас гаргахаар болсон байна. Хөрөнгө оруулалтын нарийвчилсан задаргааг хараахан боловсруулаагүй байгаа бөгөөд үүнд нэг сар орчмын хугацаа шаардагдах ажээ. Монгол Улс махны хэрэглээ өндөртэй, мөн цаашлаад махны экспортоо нэмэгдүүлэх сонирхолтой байгаа ийм нөхцөлд хаягдал ясны хэмжээ их байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд махны худалдаа төвлөрсөн нэг зах дээр өдөрт ойролцоогоор нэг тонн ясны хаягдал гардаг талаар МҮХАҮТ-аас мэдээллээ. Харин судалгаагаар Монгол Улсаас жилд 50-70 мянган тонн яс гадагш гаргадаг талаар салбарын яам өмнө нь мэдээлж байсан юм. Яс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлснээр малын ясыг боловсруулж, био бордоо, малын тэжээл, болон тос гаргаж авах боломжтой. Малын яснаас гаргаж авсан тосоор гоо сайхны зориулалтын тос болон ахуйн хэрэглээний бодис, гутлын тос гэх мэтийг үйлдвэрлэх бололцоотой ажээ.

Үүнээс өмнө “Бүрдэн говь” компани 2014 онд “Хаягдал яс боловсруулах” үйлдвэрийн төслийг эхлүүлж байсан юм. Энэхүү үйлдвэрт өдөрт 36 тонн ясыг анхан шатны боловсруулалтад оруулж, таван тонн ясны тос, 16 тонн ясны гурил буюу тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолж байжээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn