Та энд байна:

“MONGOLIAN MINING CORPORATION”-ИЙН ӨРИЙН БҮТЦЭЭ ШИНЭЧЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗЭЭЛДЭГЧИД НЬ ДЭМЖИВ 

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн өрийн бүтцээ шинэчлэх төлөвлөгөөг зээлдэгчдийнх нь 96.06 хувь дэмжлээ. Ийнхүү 2017 онд хугацаа нь дуусах, 8.875 хувийн хүүтэй 600 сая ам.долларын бондын бүтцийг шинэчлэхэд бэлэн болоод байна. Тус компани нэгдүгээр сарын 30-наас өмнө банкны зээлдэгчид болон “QGX”-ийн зүгээс холбогдох гэрээнд гарын үсэг зурна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн хоёрдугаар сарын 17 гэхэд зээлдэгчдийг зарлан хуралдуулах зөвшөөрлийг шүүхээс авахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Хонгконгт “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш 3.45 хувиар өсөж, 0.3 хонгконг доллар болоод байна. “Mongolian Mining Corporation”-ийн хувьд 600 сая ам.долларын бондоос гадна банкнуудаас авсан 93 сая ам.долларын зээл, хуримтлагдсан төлөгдөөгүй хүү нийлээд 750 гаруй сая ам.долларын зээлийн бүтцийг шинэчилж байгаа аж. Энэ хүрээнд банкнаас нэмэлт 30 сая ам.долларын зээл авах, шинээр 395 сая ам.долларын бонд гаргах замаар 750 гаруй сая ам.долларын зээлийн бүтцийг 425 сая ам.доллар болгон шинэчилж байгаа юм байна. 600 сая ам.долларын бондын эргэн төлөгдөх хугацааг зургаан жилээр хойшлуулж, 2022 он болгох, мөн жилийн 8.875 хувийн тогтмол хүүтэй байсныг нүүрсний үнэтэй уяж 5-8 хувийн хооронд хэлбэлзэх хөвөгч хүү болгож байгаа талаар “Mongolian Mining Corporation”-ийн Гүйцэтгэх захирал онцоллоо.

Эх сурвалж: Bloombergtv.mn