Та энд байна:

Дэлхийн эдийн засаг өсөлтийн мөчлөгтөө ирээд байна 

Дэлхийн эдийн засаг өсөлтийн мөчлөгтөө ирснийг шинжээчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Энэхүү өсөлтийг БНХАУ тэргүүтэй хөгжиж буй орнууд тэргүүлж байгаа юм. Хэдий тийм боловч нэг томоохон асуудал байгаа нь эдгээр орнууд аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл гаргах тал дээр дутмаг байна гэж "SLJ Macro Partners" хэдж сангийн менежер Стивен Жен мэдэгджээ. БНХАУ тэргүүтэй хөгжиж буй эдийн засгууд баялаг бүтээх болон хуримтлуулах тал дээр хөгжингүй орнуудыг даваад байгаа юм. Хэдий тийм боловч АНУ-ын Засгийн газрын бонд хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн аюулгүй хөрөнгө оруулалтад тооцогдсон хэвээр байна.

Өөрөөр хэлбэл хөгжиж буй орнууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах аюулгүй хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлж чадаагүй байгаа юм. Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг БНХАУ АНУ-ын Засгийн газрын бондтой эн тэнцэхүйц эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бий болгохоор зорьж байна. Тус улсын зах зээлийн хэт хяналт нь хөрөнгө оруулагчдыг "үргээх" нэг шалтгаан болж байгаа юм. Мөн засгийн газрын бус компанийн бондын зах зээлийг хөгжүүлж байгаа нь тийм ч ухаалаг алхам биш гэж шинжээч Стивен Жен мэдэгджээ. БНХАУ-ын зах зээл олон улсын бондын үнэлгээний индекст багтсанаар хөрөнгө оруулагчдын итгэлийг олох боломжтой. Гэхдээ хөгжингүй орнуудын стандартад хүртэл нэлээд хэдэн жилийн хугацаа шаардана гэж "Pacific Investment Management" компани үзэж байна.

Эх сурвалж: BloombergTV.mn