Та энд байна:

Erdene Resource Development: Баян хөндий ордод өндөр эрдэсжилт байх боломж нэмэгдэж байна 

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” компани Баян хөндий алтны ордод 2017 он гарснаас хойш хийсэн өрөмдлөгийнхөө эхний үр дүнг танилцууллаа. Тус компани энэ онд Баян хөндий талбайн “Midfield”, “Striker” гэх хоёр бүсэд голчлон өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор 11 өрөмдлөг хийгээд байгаа бөгөөд нэмэлт гурван өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байна. Харин эхний ээлжид хийсэн өрөмдлөгийн дүнгээр “Midfield” талбай дахь өндөр чанартай эрдэсжилт байх магадлал нэмэгдэж байгааг тогтоожээ. Мөн энэ бүс нь өмнөд хэсэг рүүгээ үргэлжилж, Striker Zone хүрэх боломжтой гэж үзсэн байна. Үүнээс гадна тус компани Баян хөндий ордоос баруун хойд зүгт 16 км-ийн зайтай орших Алтан нар алтны ордод хоёр өрөмдлөг хийхээр төлөвлөж, ажлаа эхэлсэн байна. Энэ ордын Discovery Zone гэж нэрлэгдсэн хэсэгт 2016 оны IV улиралд өрөмдлөг хийж, алтны эрдэсжилт өндөр байх магадлалтай гэж тогтоожээ. Оюутолгой, Цагаан суваргын ордын бүслүүрт багтдаг, Оюутолгойтой ижил төстэй Баян хөндий болон Алтан нар ордын хайгуулын ажил амжилттай үргэлжилж байна. Үүний зэрэгцээ “Erdene Resource Development” компани Монгол дахь менежментийн багаа өргөтгөж эхэлжээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn