Та энд байна:

"Glencore" компани ашгийн төлөвөө он гарснаас хойш гурав дахь удаагаа өсгөлөө 

Түүхий эдийн ханш эргэн сэргэж байгаатай холбоотойгоор уул уурхайн "Glencore" компани ашгийн төлөвөө нэгдүгээр сараас хойш гурав дахь удаагаа өсгөлөө. Энэ онд компанийн татварын өмнөх ашиг 2.8 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. "Glencore" хоёрхон сарын өмнө төлөвөө 2.6 тэрбум ам.доллар болгож өсгөж байсан. Гол бизнес болох зэс, цайрын үнэ өндөр өсөлттэй байсан нь санхүүгийн үзүүлэлтэд голчлон нөлөөлсөн гэж шинжээчид харж байна. Он гарснаас хойш зэсийн ханш 25 хувиар өсөж, 7000 ам.доллар давсан. Харин цайрын ханш 10 жилийн дээд түвшинд хүрч, үнэ нь 10 дугаар сарын эхээр 3300 ам.долларт хүрсэн юм. Үйлдвэрлэлийн талаасаа тайлант хугацаанд "Glencore"-ийн зэсийн үйлдвэрлэл 946 мянга 500 тонн болж 11 хувиар буурсан аж. Үүнийг компанийн удирдлагууд хайлуулах үйлдвэрийн засвар болон хүхрийн хүчлийн нийлүүлэлт саатсантай холбон тайлбарлаж байна. Харин цайрын үйлдвэрлэл таван хувиар нэмэгдэж 827 мянга 400 тоннд хүрсэн. Энэ нь цайрын агууламж өндөр бүс рүү шилжсэнтэй холбоотой ажээ.