Та энд байна:

“Сүү” ХК: цэвэр ашиг жилийн эцэст 502.7 сая төгрөг болсон 

2016 онд хувьцаа хуваах ажиллагаа явуулсан “Сүү” компанийн цэвэр ашиг жилийн эцэст 502.7 сая төгрөг болсон байна. Энэ нь 2015 оныхоос 10 орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо. Тайлант хугацаанд тус компанийн борлуулалтын орлого долоон хувиар өсөж, 41.6 тэрбум төгрөг болсон байна. Мөн гадаад валютын ханшийн зөрүүнээс хүлээсэн алдагдал нь 2.8 дахин нэмэгдэж, 2.3 тэрбум төгрөгт хүрчээ. Хэдий тийм боловч “Сүү” компани ерөнхий ба удирдлага, санхүүгийн зардлаа бууруулах зэрэг арга хэмжээ авсан байна. Мөн 2016 оны эцэс гэхэд компанийн богино хугацаат өр төлбөрийн дүн 16.7 тэрбум ам.доллар болсон талаар санхүүгийн тайландаа дурджээ. Монголын Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК-ийн хувьд өнгөрсөн оны эхний хагаст 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй хувьцаагаа 1000 дахин хувааж, арилжаалсан аж. Ийнхүү зах зээлийн үнэлгээг нь бууруулснаар тус компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа чөлөөтэй арилжаалах суурь нөхцөл нь сайжирч, эргэлт нэмэгдсэн байна.

Түүнчлэн хувьцаат компаниудын арилжааны мэдээлэл, шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн"Монголын Хөрөнгийн биржээс бүртгэлтэй хувьцаат компаниудын үнэт цаасны бүртгэлийг шинэчлэн тогтооход нийт 229 компаниас “Сүү” ХК нэгдүгээр ангиллын долоон компанийн нэг болсон байна.

2016 онд тус компани цөцгийтэй тарагны савлагааг сайжруулах, элекстр савлах шугамыг шинэчлэх, авто парк өргөтгөх зэрэг томоохон хөрөнгө оруулалт бүхий ажлуудыг хийж, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлаа бууруулахаар зорьж ажиллажээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn