Та энд байна:

“Ant Financial” бонд гаргаж, хөрөнгө босгохоор төлөвлөжээ 

“Alibaba” компанийн санхүүгийн төлбөр тооцооны нэгж “Ant Financial” бонд гаргаж, гурван тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр энэхүү санхүүжилт нь АНУ-ын “Moneygram” тэргүүтэй хэд хэдэн компанийг худалдаж авах хэлцэлд зарцуулагдана. Энэ ч утгаараа компанийн удирдлагууд юань гэхээсээ илүүтэй ам.долларын санхүүжилт татах сонирхолтой байгааг эх сурвалж онцолж байна. “Ant Financial” нь өнгөрсөн жилээс эхлэн, Азиас гадна Европ, АНУ-д хүрээгээ тэлэх бодлого баримталж эхлээд байгаа юм.

“Nokia” компани “Comptel”-ийг 370 сая ам.доллараар худалдаж авахаар тохиролцов

Финляндын “Nokia” компани сүлжээний програм хангамжийн “Comptel” компанийг 370 сая ам.доллараар худалдаж авахаар тохиролцсон байна. Хэлэлцээрийн хүрээнд “Nokia”болон “Comptel”-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа тутамд 3.04 евро төлнө. Энэ нь лхагва гарагийн хаалтын ханшаас 29 хувиар өндөр дүн болж байгаа юм. Гар утасны бизнесээс хамааралтай байсан “Nokia” компани бизнесийн загвараа өөрчилж, орлогын шинэ эх үүсвэр, шинэ хэрэглэгчдийг эрэлхийлж байгаа аж. “Comptel” компанийг худалдан авч байгаа нь “Nokia”-ийн удирдлагууд үйлчилгээ болон програм хангамжийн чиглэлд төвлөрч эхэлснийг баталж байна.

“Anthem” компани “Cigna”-ийг худалдан авах хэлцлийг шүүх баталгаажуулахаас татгалзлаа

АНУ-ын эрүүл мэндийн даатгалын “Anthem” компани өрсөлдөгч “Cigna” компанийг 48 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцлийг шүүх баталгаажуулахаас татгалзлаа. Учир нь салбарын тэргүүлэгчид нэгдсэнээр шударга өрсөлдөөний зарчим алдагдаж, үнэ өсөх эрсдэлтэй гэж шүүгчид дүгнэжээ. Эцсийн шийдвэр гарсны дараа “Anthem”-ийн удирдлагууд шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдсан байна. Учир нь “Anthem”-ийн удирдлагууд нэгдэх хэлцэл өрсөлдөөнд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм.

 Эх сурвалж: Bloombergtv.mn