Та энд байна:

Тим Кук: Интернетийн орчин аюулгүй, хүмүүнлэг байх хэрэгтэй 

“Apple”-ийн Гүйцэтгэх захирал хятадуудад хандаж "Интернетийн орчин заавал аюулгүй, хүмүүнлэг байх хэрэгтэй" гэж мэдэгдлээ. Дэлхийн интернет сүлжээний бага хурал БНХАУ-ын Вужен хотод эхлээд байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү бага хуралд “Apple”-ийн Гүйцэтгэх захирал анх удаа оролцлоо. “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Кук Дэлхийн интернет сүлжээний бага хурлын нээлтэд хэлсэн үгэндээ "Интернетийн ирээдүйн чиг хандлагыг хиймэл оюун ухаанаар тодорхойлж энэ төрлийн технологи аюулгүй байдлыг хангасан, хүмүүнлэг байх хэрэгтэй" гэж онцолсон байна. БНХАУ интернетийн орчныг илүү аюулгүй болгоход олон улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү бага хурлыг 2014 оноос хойш жил бүр хийж иржээ. Түүнчлэн “Google”-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай энэ удаагийн арга хэмжээнд анх удаагаа оролцож байна. Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын удирдлага энэхүү бага хуралд оролцсон нь дэлхийн цахим сүлжээнд үзүүлэх БНХАУ-ын нөлөө нэмэгдэж байгааг бататгах алхам боллоо гэж ажиглагчид онцолж байна. “Apple”-ийн хувьд Хойд Америкийн дараах хамгийн том зах зээл нь БНХАУ бөгөөд тус компани хятадуудад техник хангамж, үйлчилгээнүүдийг санал болгож байгаа аж. Хэдий тийм боловч “Apple”-ийн БНХАУ-ыг чиглэсэн бодлого тус улсын эрх баригч, либертари үзэлтнүүдтэй зөрчилдөхөөр байгааг ажиглагчид онцолжээ.

Үүнээс гадна "БНХАУ дэлхийн цахим сүлжээнд нээлттэй байх бодлого баримтална" гэж БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин мэдэгдлээ. Гэхдээ цахим сүлжээг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Бие даасан, хараат бус бодлогоыг чиглэлээ болгоно" гэдгийг онцолсон байна. Энэ нь цахим сүлжээнд оролцогч талууд нь гаднын, хөндлөнгийн оролцоогүйгээр өөрсдийн интернет сүлжээнд холбогдож, зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг юм.

БНХАУ-ын эрх баригчид өнгөрсөн онд цахим сүлжээнд тавих хяналтаа чангатгасан бөгөөд цахим сүлжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд мэдээллээ устгалгүй хадгалах, улмаар тус улсын цахим орчин дахь Төрийн хяналт "Great Firewall" системд учруулах хор хөнөөлийг илрүүлэх тухай шинэ дүрмүүд баталсан юм. Өнгөрсөн зургаадугаар сард компаниуд хадгалсан мэдээллээ улсын хяналт шалгалтад оруулах шаардлагатай талаар шинэ хууль танилцуулжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn