Та энд байна:

“Rio Tinto” групп “Bougainville Copper”-ийн 53.8 хувийн хувьцаагаа худалдана 

“Rio Tinto” групп Шинэ Гвинейд зэсийн орд эзэмшдэг “Bougainville Copper” компанийн 53.8 хувийн хувьцаагаа худалдахаар боллоо. Учир нь 1989 онд иргэний дайнаас болж зогссон Bougainville-ийн уурхайг сэргээхийн тулд 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Түүнчлэн уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 онд цуцалснаас гадна Bougainville-ийн иргэд уурхайг дэмжих магадлал маш бага учир ийм шийдвэр гаргажээ. Тус компанийн 53.8 хувийг “Autonomous” "Бугенвилийн Бие даасан засгийн газар" болон "Папау Шинэ Гвинейн засгийн газар"-т хуваан өгөхөөр болсон байна. Ингэхдээ ямар ч төлбөр авахгүй байхаар шийджээ.

“Xanadu Mines” компани Оюут-Улаан төсөлд нэмэлт хайгуул явуулж дуусчээ

Харин “Xanadu Mines” компани Оюут-Улаан төсөлд нэмэлт хайгуул явуулж дууссан байна. Хайгуулаар талбайгаас өндөр эрдэсжилт бүхий чулуулаг их хэмжээгээр илэрчээ. Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцаа 5 хувийг давж өссөн байна. Оюут Улаанаас гадна Хармагтайн хайгуулын төслийг хэрэгжүүлж байгаа “Xanadu Mines” компанийн хувьцаа жилийн дотор 50 хувиар өсөөд байгаа аж. Одоогоор Монголд хайгуулын төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа цөөн хэдэн компаниудын нэгд тооцогдож байгаа юм.

"Aspire Mining”-ийн хувьцаа өслөө

Үүнээс гадна “Aspire Mining” компанийн хувьцаа лхагва гарагт 300 гаруй хувиар өссөн байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрт төмөр замын асуудлыг багтаасан нь үүнд голлон нөлөөлжээ. “Aspire Mining” компанийн Эрдэнэт-Овоот чиглэлийн 550 км төмөр замын төсөл нь эдийн засгийн коридорын хүрээнд яригдаж байгаа 30 гаруй төсөлд багтаж байгаа юм. Тиймээс хувьцааны ханш нь огцом өссөн гэж харж болохоор байгаа юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр ОХУ-ын Кызылийн нүүрсний уурхайн нүүрсийг БНХАУ-ын зах зээлд гаргах гарц нээгдэх учиртай аж. Төслийг хэрэгжүүлэхийн тулд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn