Та энд байна:

“Багануур” ХК нэмэлт хувьцаа гарган олон нийтэд арилжаалахаар боллоо 

Монгол улсын дотоодын нүүрсний хэрэгцээний 43 хувь, төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 70 орчим хувийг дангаар хангадаг салбартаа тэргүүлэх эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур” ХК нэмэлт хувьцаа гарган олон нийтэд санал болгон арилжаалах зөвшөөрлөө зохицуулах байгууллагуудаас авлаа.

Ингэснээр тус компани УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 70 тоот тогтоол, Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 330 тоот тогтоолын хүрээнд, дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангахад нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэх зорилгоор нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болно.

Үндэсний томоохон нүүрс олборлогч компанийн хувьд Багануур ХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо цахилгаан дулаан хангамжийн найдвартай эх үүсвэр байсаар ирсэн ба нүүрсний борлуулалтын үнээс үл хамааран нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаж буй нээлттэй хувьцаат компани.

Уурхайн хөрс хуулалт, нүүрс тээвэрлэлтийн зардлыг бууруулах, нүүрс олборлолтыг нэмэгдүүлж өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлон дунд хугацааны стратеги төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буйн хувьд, компани нь шаардлагатай хөрөнгө оруулалтыг татан, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулах, компанийн засаглалыг бэхжүүлэн улсынхаа тэргүүлэгч компаниудын нэг болох үндсэн зорилтоо биелүүлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нь тус компанийн нэмж гаргаж буй хувьцааг анхдагч зах зээлээс худалдан авч тус компанид хөрөнгө оруулан, хувьцаа эзэмшигч болох боломжтой.

Нэмэлт хувьцаа гаргалттай холбоотой танилцуулга уулзалт 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагаас 13.00 цагийн хооронд “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд, 15:00 цагаас 17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн байранд болно.

Хөрөнгө оруулагчдын анхааралд:

Үнэт цаасыг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч таны хувьд ямагт эрсдэлтэй үйлдэл байдгийг онцгойлон анхаарч, үнэт цаасны танилцуулга, үнэт цаас гаргах ажиллагааг сайтар анхааран судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.

 

ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ

Багануур ХК

Багануур дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрийн хэсэг, Улаанбаатар, Монгол Улс

(976)70210114,(976) 70213739

bjsc@baganuurmine.mn

www.baganuurmine.mn

АНДЕРРАЙТЕР

Ти Ди Би Капитал ҮЦК ХХК

14210 Энхтайваны өргөн чөлөө 19, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол

(976-11) 311914, (976) 70100261

info@tdbcapital.mn

www.tdbcapital.mn

 

"Багануур" ХК-н үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулга эндээс татаж авна уу

"Багануур" ХК-н үнэт цаасны товч танилцуулга эндээс татаж авна уу