Та энд байна:

“Эрдэнэс Таван Толгой”-ийн хувь эзэмшигчдийн хурлаар юуг онцлов 

“Эрдэнэс Таван Толгой” компанийн хувь эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Тус компанийн 15 тэрбум ширхэг хувьцаанаас өнөөдрийн байдлаар 80 хувийг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшиж, үлдсэн хувийг 2012 оны шийдвэрээр иргэн бүрд эзэмшүүлсэн байдаг. Өнөөдрийн болсон хуралдаанаар 2.5 сая иргэнд хувьцаа эзэмшүүлснээс өнөөдрийн болсон хуралдаанд 64 хүн л иргэдийг төлөөлөн хуралд оролцсон байна. Энэ нь өмнөх онд арав, 2015 онд зургаан иргэн хуралд оролцсонтой харьцуулахад өссөн үзүүлэлт боллоо. Энэ удаагийн хурал урт хугацаанд үргэлжилсэн “Chalco”- д төлөх өрийг барагдуулж дууссан, Хөгжлийн банкнаас авсан 200 сая ам.долларын өр төлбөрөөс өөр өглөггүй болсон үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна. Тиймээс цаашид орлогын эх үүсвэр нэмэгдэнэ гэсэн хүлээлтэд тулгуурлан ногдол ашгийн талаарх цаашдын бодлого хувь эзэмшигч аж ахуйн нэгж, иргэдийн анхаарлыг татаж байсан юм. Гэвч 2016 онд 198 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан ч 2017 онд ногдол ашиг олгохгүй юм байна. Хурлын үеэр тус компанийн 2016 оны үйл ажиллагаа, санхүүгийн байдал, компанийн засаглалын бусад асуудлаар хэлэлцэж, ТУЗ-ийн дүгнэлтийг баталсан байна. Үүнээс гадна “Эрдэнэс Таван Толгой” компани хөдөлмөрийн болон байгаль орчин, эрүүл ахуйн осол, аюулгүй ажилласан гэдгийг удирдлага нь онцоллоо.

Одоогоор “Эрдэнэс Таван Толгой”-ийн ордод нийт 3100 ажилчид ажиллаж байгаа нь 100 хувь монгол ажилчид ажээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn