Та энд байна:

“Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “эерэг” болгов 

Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “тогтвортой”-оос “эерэг” болгон ахиуллаа. Харин ерөнхий зэрэглэлийг өөрчлөлгүй “B-“ зэрэглэлд хэвээр үлдээсэн байна. Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэнээр ирэх жилүүдэд 3.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх боломж бүрдсэн юм. Үр дүнд нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, 800 сая ам.долларын бонд гаргахад түлхэц болсон гэж “Fitch” агентлаг үзсэн байна. Нэмэлт санхүүжилтийг дагаад санхүү, эдийн засгийн төлөв ч мөн сайжирсныг тус агентлагийн шинжээчид онцолжээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн алдагдлын хэмжээ энэ онд 7.3 хувьтай гарч, ирэх онд 6.5 хувь болж буурахаар байна.

Мөн 2018 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.5 хувиар өсөх төлөвтэй байгааг “Fitch” агентлаг таамаглаж байна. Өмнө нь тус агентлаг шинээр гаргасан Монгол Улсын Засгийн газрын бондод улсын зээлжих зэрэглэлтэй ижил “B-“ үнэлгээг өгсөн юм. Өнөөгийн ханшаар нэгж бондын үнэлгээ 100.2 ам.долларт хүрч, өнгөрсөн даваа гарагийн түвшнээс 60 центээр өсөөд байна.

Эх сурвалж: BloombergTV.mn