Та энд байна:

Rosneft: "Verkhnechonskneftegaz"-ийн 20 хувийг “Beijing Gas” группт 1.1 тэрбум ам.доллараар худалдана 

ОХУ-ын Төрийн өмчит “Rosneft” компани "Verkhnechonskneftegaz" компанийн 20 хувийг БНХАУ-ын “Beijing Gas” группт 1.1 тэрбум ам.доллароор худалдахаар тохиролцжээ. Ингэснээр дээрх компани БНХАУ-ын байгалийн хийн зах зээлд өрсөлдөх боломж нээгдэж байгаа юм. “Rosneft”-ийн нийт өр 40 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцээ ОХУ-ын талд санхүүгийн том дэмжлэг болж өгөхөөр байгаа юм. Мөн энэ нь ОХУ болон БНХАУ-ын хоорондын худалдааг дэмжих Засгийн газрын зорилтод нийцэж байгаагаараа давуу талтай ажээ. Хэдий тийм боловч хэлэлцээ эцэслэн батлагдахад Засгийн газрын зөвшөөрөл хэрэгтэй юм байна. Сибирийн зүүн хэсэгт байрлах "Verkhnechonskneftegaz" нь нийт 174 сая тонны нөөцтэй ордыг эзэмшиж, өдөрт 176 мянган баррель газрын тос олборлодог компани ажээ. Үүнээс гадна ОХУ-ын “VEB” банк БНХАУ-ын Хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай тэрбум ам.доллар зээлэх гэрээ хийсэн байна. Мөн ОХУ-ын Төрийн өмчит “VTB” банк БНХАУ-ын Хөгжлийн банктай гадаад худалдааны санхүүжилт хийх чиглэлд хэд хэдэн гэрээ байгуулжээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn