Та энд байна:

ERD: Striker, Midfield бүсэд өндөр эрдэсжилт байгааг баталгаажууллаа 

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” Баян Хөндий алтны талбайд хийсэн хайгуулын өрөмдлөгийн шинэ дүнг танилцууллаа. Тус талбайн төв болон зүүн хойд хэсэгт өрөмдлөгөө үргэлжлүүлсэн байна. Төвийн бүсэд 84 метрийн гүнд нэг тонн хөрс тутамд 1.1 грамм алт, 60 метрт 1.5 грамм алт, 18 метрт гурван грамм алтны илэрц олдсон байна. Энэхүү өрөмдлөгийн үр дүнд Striker болон Midfield бүсэд өндөр эрдэсжилт байгааг улам баталгаажуулсан гэж “Erdene Resource Development” мэдээллээ. Тус компани энэ оны III улиралд Баян Хөндий талбайд үргэлжлүүлэн өрөмдлөг хийнэ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Торонтогийн Хөрөнгийн биржид “Erdene Resource Development”-ийн хувьцааны ханш 0.95 хувиар суларч, 1.04 канад доллар болсон байна.

Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани ашигтай ажиллаж байна. Мөн энэ оны III улиралд газрын тосны V блок дээр өрөмдлөгийн гэрээгээ эцэслэн байгуулж, байршлаа тогтоон, есдүгээр сараас өрөмдлөгөө эхлэхээр төлөвлөжээ. Энэ онд хийх хоёр өрөмдлөгийнхөө санхүүжилтийг олсон гэдгийг “Petro Matad” компани мэдээллээ. Газрын тосны IV, V талбайд хамтран хайгуул хийж, хөрөнгө оруулж байсан “Royal Dutch Shell” хамтын ажиллагаагаа зогсоосны дараа “Petro Matad” компани шинэ санхүүжилт хайхаар нэлээд ажиллажээ. Үүний үр дүнд “Bergen Asset Management”-тэй 43.2 сая ам.долларын санхүүжилтийн гэрээг энэ онд байгуулсан байна. Мөн “Sinopec”-тай өрөмдлөгөө хамтран хийхээр болж, газрын тосны IV, V талбай дахь бүтээгдэхүүн хуваах гэрээгээ хоёр жилээр сунгажээ. Лондоны Хөрөнгийн биржийн арилжаа хаагдах үед “Petro Matad”-ийн хувьцааны ханш 10.38 хувиар өссөн байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn