Та энд байна:

Ирэх сарын 7-нд "Apple" шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна 

“Apple” компани жил бүрийн есдүгээр сард болдог шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ ирэх сарын 7-нд болохоор зарлалаа. Уг арга хэмжээний үеэр “iPhone” гар утас болон “Apple Watch” төхөөрөмжийн шинэ хувилбарууд танилцуулагдах хүлээлттэй байгаа юм. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр шинэ гар утас загвар, дизайны хувьд “iPhone 6S” болон “6S Plus”-ийнхтай төстэй байх боловч камерын чадамж сайжрах ажээ. Тус компанийн арга хэмжээний урилга ихэвчлэн шинээр танилцуулах гэж байгаа бүтээгдэхүүний талаар бага зэрэг харуулахыг хичээдэг. Ирэх долоо хоногт болох арга хэмжээний урилга нь сарнисан гэрэл бүхий зурагтай байгаа нь “iPhone” гар утас үндсэн хос камертай болно гэсэн хүлээлтийг нэмэгдүүлж байгаа юм.

Үүнээс гадна “Apple” компанийн улирлын орлого энэ онд анх удаа буурч эхэлсэн аж. Хэрэглэгчид гар утсаа шинэчлэх давтамж холдсон нь орлогынх нь гуравны хоёрыг “iPhone”-ийн борлуулалт бүрдүүлдэг “Apple”-ийн санхүүд таагүй нөлөө үзүүлж байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn