Та энд байна:

Лондон хот хамгийн их хөрөнгө оруулалт татсан хэвээр байна 

Их Британид BREXIT яригдаж байгаа ч гаднын хөрөнгө оруулагчид технологийн чиглэлээр Европын хэмжээнд хамгийн их хөрөнгө оруулдаг газар нь Их Британи хэвээр байна. Лондон хотын захирагчийн агентлаг "London & Partners"-ийн мэдээлснээр Лондон хот 2017 оны эхний хагаст технологийн салбартаа гаднын хувийн хэвшлийнхнээс нийт 4.5 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт татсан байна. Хагас жилийн дүнгээр ийм өндөр үзүүлэлт сүүлийн 10 жилд гарч байгаагүй ажээ. Үүнтэй холбогдуулж Лондон хот Европын "Технологи, бизнесийн төв" гэсэн байр сууриа хадгалсаар байна гэж судлаачид дүгнэжээ. Үүнээс хамгийн их хөрөнгө оруулалт авсан компани нь "VR" технологийн "Improbable" старт-ап байгаа аж.

Тус компани энэ оны эхний зургаан сард 388 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт татжээ. Их Британид BREXIT-тэй холбоотойгоор тодорхой бус байдлууд үүсээд байгаа ч Лондон хот сүүлийн нэг жил гаруйн хугацаанд Европын бусад хотуудтай харьцуулахад хоёр дахин их хөрөнгө оруулалт гаднаас татжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn