Та энд байна:

2017 оны I-X сард ХААБ 420 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ 

2017 оны эхний арван сард Хөдөө аж ахуйн бирж 134 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 420 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн бөгөөд арилжааны өдрийн дундаж дүн 1.8 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өссөн дүн болж байна. Тайлант хугацаанд Хөдөө аж ахуйн бирж 6226 тонн ямааны ноолуур, 8900 тонн хонины ноос, 235 тонн тэмээний ноос арилжжээ. Арилжигдсан нийт түүхий эдийн 78 хувь нь ноолуур, 17 хувь нь хонины ноос, таван хувь нь тэмээний ноос байна. Ноолуур самналт, ноолуурын татан авалт ид явагддаг дөрөв, тавдугаар сард хамгийн их ноолуурын арилжаа хийгджээ. Харин улирлын шинжтэй арилжааны идэвх сулардаг найм, есдүгээр сард хонины ноос түлхүү арилжсан байна. Ноолуурын үнийг арван сарын дунджаар авч үзвэл кг нь 68 мянга 800 төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн дүн болж байгаа юм. Мөн Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан нийт ноолуурын 70 хувийг экспортлоод байна. Нийт экспортын 80 хувийг БНХАУ-д нийлүүлсэн ноолуур эзэлж байгаа ажээ.

Оны эхний арван сард 32.8 мянган тонн ноолуур экспортолсон нь өмнөх жилээс 25 хувиар өссөн дүн юм. Энэ онд хонины үргэлж ноос, тэмээний ноос болон завод ноосны арилжаа идэвхтэй хийгджээ. Тухайлбал, наймдугаар сарын сүүлийн буюу Хөдөө аж ахуйн биржийн 66 дахь долоо хоногт гурван удаа хонь болон тэмээний ноосны хэлцэл хийгдсэн байна. Үүнд хоёр өдөр дараалан 360 тонн хонины үргэлж ноос арилжжээ. Энэ нь 2017 оны эхний арван сарын байдлаар хонины ноосны хувьд хамгийн өндөр дүнтэй арилжаанд тооцогдож байна. Дээрх түүхий эдийн ханш наймдугаар сар хүртэл тогтвортой, харин ес, аравдугаар саруудад өссөн дүнтэй байгаа юм.

Эх сурвалж: BloombergTV.mn