Та энд байна:

БНХАУ-ын зэсийн экспорт 3 сар дараалан өслөө 

БНХАУ-ын зэсийн экспорт гурав дахь сардаа дараалан өссөнөөр сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ. БНХАУ-ын зэсийн эрэлт буурч, зэсийн нөөцийн хэмжээ өссөөр байгаа аж. Тус улс дөрөвдүгээр сард 72.8 мянган тонн боловсруулаагүй зэс экспортолсон бол тавдугаар сард 125.9 мянган тоннд хүрч өсчээ. Энэ нь БНХАУ-ын зэсийн экспортын хэмжээ жилийн өмнөхөөс бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байна. "Блумберг"-ийн тооцоолсноор зэсийн импорт өмнөх сараас 19.3 хувиар буурч, 304 мянган тонн болжээ. БНХАУ-ын Засгийн газар зэсийн импортыг бүхэлдээ бууруулах бодлого баримталж байгаа ч цаашид тус улсын зэсийн экспорт өсөх төлөвтэй байгаа аж. “CRU” группын мэдээлснээр БНХАУ-ын эрэлт сайжрах бодит хүлээлт байхгүй байгааг онцоллоо. Мөн Лондонгийн Металлын бирж дэх зэсийн агуулахын үлдэгдэл нэмэгдсээр байгаа юм. Үүнээс гадна БНХАУ-ын боловсруулсан зэсийн экспорт өнгөрсөн сард хоёр дахин өсч, 84.9 мянган тонн болсон байна. Энэ нь 2012 оноос хойших хамгийн дээд хэмжээ болж байгаа юм. Түүнчлэн боловсруулсан зэсийн импорт өнгөрсөн оны наймдугаар сарын доод түвшинд хүрч, 319.2 мянган тонныг импортолжээ. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Засгийн газар зарим металлын улсын нөөцийн түвшинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч металлуудын нарийвчилсан мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn