Та энд байна:

Самнасан ноолуурын экспорт 16 хувиар нэмэгджээ 

Монгол Улс боловсруулаагүй ноолуурыг голчлон Европын зах зээлд гаргаж байна. Тухайлбал, оны эхний найман сард самнасан ноолуурын экспорт 23.7 сая ам.долларт хүрсэн нь 2016 оны мөн үеэс 16 хувиар нэмэгджээ. Ялангуяа Италид хамгийн их буюу 90 орчим хувийг экспортолсон байна. Мөн зургаан хувийг Англид, 2.5 хувийг Энэтхэгт, 0.25 хувийг Японд гаргажээ. Японд экспортолсон самнасан ноолуурын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 4.8 дахин буурч, 60 мянган ам.доллар болсон байна. Харин Японы хэрэглэгчид Монголын ноолуурыг хэрэглэж сурч байгаа боловч зах зээлийнх нь стандарт өндөр учраас түүнд нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхэд бэрхшээлтэй учирч байгаа гэдгийг "Гоёо" компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. Харин БНСУ бол ноолуурын хувьд цоо шинэ зах зээл болж байна. Монгол Улс Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан, харин БНСУ-тай шинээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар судалгаа хийж байгаа юм. Тиймээс эдгээр нь ноос, ноолууран бүтээгдэхүүний экспортод томоохон дэмжлэг болно гэсэн хүлээлттэй байна. “Гоёо” компани Японоос гадна нийт 20 гаруй оронд экспорт хийж байгаа аж. Харин “Говь” компани БНХАУ-ын Эрээн хотын их дэлгүүрт салбар дэлгүүрээ нээгээд байгаа төдийгүй Германы Берлин хотод болон Японы “Ханеда” нисэх онгоцны буудалд салбараа нээж гадаад зах зээлээ өргөжүүлээд байна.

Үүнээс гадна Европын холбоо, Монгол Улсын ХХААХҮЯ, сумдын Төр захиргааны байгууллага хамтран Францын Засгийн газрын санхүүжилтээр "Тогтвортой ноолуур" төслийг хэрэгжүүлж байна. 3.6 орчим сая еврогийн санхүүжилттэй энэхүү төслийн хүрээнд бэлчээр, мал сүргийн бүтцийг сайжруулах замаар ноолуурын чанарыг сайжруулж, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ дагуу Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баацагаан, Шинэжинст, Богд, Жинст сумдад дээрх төслийг 2015-2018 он дуустал хэрэгжүүлэх аж. Төслийн хүрээнд 2015 онд 130.5 сая ам.долларын бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортолсон талаар Монголын ноос, ноолуурын холбоо мэдээллээ. Үүнээс 3.3 сая ам.долларынх нь эцсийн бүтээгдэхүүн байжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn