Та энд байна:

"Nike"-ийн борлуулалт 6 хувиар өсөж, 8.2 тэрбум ам.доллар болов 

Спорт бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Nike" компани санхүүгийн жилийн II улирлын тайлангаа танилцууллаа. Тус компанийн борлуулалт зургаан хувиар өсөж, 8.2 тэрбум ам.долларт хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох ашиг 50 центээр үнэлэгдсэн байна. Баруун Европ, БНХАУ болон бусад хөгжиж буй улсуудын зах зээл дэх бүтээгдэхүүний эрэлт ийнхүү "Nike"-ийн борлуулалтыг дэмжжээ. Мөн тус компани зардлаа танасан нь ашигт эерэг нөлөө үзүүлсэн байна. Үүнээс гадна АНУ-ын шуудан хүргэлтийн үйлчилгээний "Fed Ex" компани санхүүгийн жилийн II улирлын тайлангаа танилцуулжээ. Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.80 ам.доллар байсан нь шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй байна. Хэдий тийм боловч борлуулалт нь 14.9 тэрбумд хүрч, өссөн үзүүлэлттэй гарчээ. "Fed Ex" компанийн хувьд энэ жил хоёр тэрбум ам.долларын зардал гаргасан ба ирэх оны санхүүгийн жилд ч мөн энэ хэмжээний зарцуулалтыг үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.

 Эх сурвалж: Bloombergtv.mn