Та энд байна:

Rio Tinto: “Coal & Allied”-ийг “Yanzhou Coal Mining"-д 2.45 тэрбум ам.доллараар худалдана 

“Rio Tinto” компанийн удирдлагууд Австрали дахь “Coal & Allied” компаниа БНХАУ-ын “Yanzhou Coal Mining” компанид худалдах шийдвэрийг дэмжлээ. “Yanzhou Coal Mining”-ийн үнийн санал “Glencore”-ийн санал болгосон 2.55 тэрбум ам.доллараар 100 сая ам.доллараар доогуур байсан ч хууль эрхзүйн талаасаа зөвшөөрөл авах боломж мөн санхүүжилтийн тодорхой байдал зэрэг нь “Yanzhou Coal Mining”-ийг сонгох шалтгаан болсныг “Rio Tinto” албан мэдэгдэлдээ онцолжээ. Нэгдүгээр сард “Rio Tinto”-ийн удирдлагууд Австрали дахь нэгжээ “Yanzhou Coal Mining” компанид 2.45 тэрбум ам.доллараар худалдах шийдвэр гаргаад байсан аж. Гэтэл “Glencore” компани зургаадугаар сарын есний өдөр “Coal & Allied”-д гэнэтийн санал тавьж, үнийн дүнг өсгөсөн байна.

“Pamplona Capital Management” компани “Parexel”-ийг эзэмшинэ

Хөрөнгө оруулалтын “Pamplona Capital Management” компани эмийн судалгаа, үйлчилгээний “Parexel” компанийг 4.5 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсон байна. “Pamplona Capital Management” компани “Parexel”-ийн нэгж хувьцаа тутамд 88.1 ам.долларыг санал болгожээ. Энэ нь даваа гарагийн хаалтын ханшаас таван хувиар өндөр дүн болж байгаа юм. Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд зардлаа танаж,судалгаа шинжилгээгээ өргөжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа нэгтгэх нь эрчимжсэн байна. “Parexel”-ийн хувьцаа эзэмшигчид ч мөн ашгаа нэмэхийн тулд бизнесээ худалдах шаардлагыг компанийн удирдлагуудад тавьж байсан юм.

“Ericsson” медиа бизнесийн нэгжээ худалдахаар төлөвлөжээ

Шведийн харилцаа холбооны “Ericsson” компани медиа бизнесийн нэгжээ худалдахаар төлөвлөж байна. Одоогоор хувийн хөрөнгө оруулалтын компаниудаас гадна технологи, медиа салбарын томоохон компаниуд худалдан авах сонирхлоо илэрхийлээд байгааг эх сурвалж онцолж байна. Өнгөрсөн сард “Moody’s” агентлаг “Ericsson” компанийн зээлжих зэрэглэлийг “BA1” болгон бууруулж, төлбөрийн чадваргүй болох өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд оруулсан юм. Харин “Ericsson” үйл ажиллагаагаа эргэн сэргээхийн тулд салбар бизнесүүдээ худалдаж, сүлжээний тоног, төхөөрөмж үйлдвэрлэлийн бизнестээ төвлөрөх стратеги баримталж байгаа ажээ.

Эх сурвалж: BloombergTV.mn