Та энд байна:

Япон улсын төв банк бодлогын хүүгээ -0.1 хувьд хадгалах шийдвэр гаргалаа 

Японы Төв банкны хуралдаанаар бодлогын хүүг өөрчлөлгүй, хасах 0.1 хувьд хадгалах шийдвэр гаргалаа. Японы Төв банкны энэхүү шийдвэр тус улсын инфляци зорилтот хоёр хувиас харьцангуй доогуур байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Наймдугаар сарын байдлаар хэрэглээний үнийн индекс 0.2 хувь байсан нь хангалтгүй үзүүлэлт юм. Үүнээс гадна иенийн ханшийг доогуур түвшинд хадгалж, экспортыг дэмжих бодлого нь ч бэрхшээлтэй тулгараад байгааг тус улсын худалдааны тэнцлийн мэдээллээс харж болохоор байна. Японы экспорт наймдугаар сард жилийн дүнгээрээ 9.6 хувиар агшсан талаар тус улсын Сангийн яамнаас мэдээллээ. Энэ нь экспортын үзүүлэлт 11 сар дараалан буурсан үзүүлэлт болоод байгаа юм. Харин импорт нь 17.3 хувиар буурсан нь шинжээчдийн таамгаас бага зэрэг дээгүүр үзүүлэлт болж байна. Ийнхүү Японы экспорт, импортын үзүүлэлт буурснаар худалдааны алдагдал нь 184 сая ам.долларт хүрч, худалдааны тэнцэл сүүлийн гурван сард анх удаа алдагдалтай гарчээ.

Үүнээс гадна Япон улсын Тэтгэврийн санг санхүүжүүлэх асуудалтай холбоотойгоор тус улсын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Учир нь Японы ажиллах хүчний тоо цөөрснөөс гадна тэтгэврийн насны хүмүүсийн тоо өсч байгаа учраас нийгмийн халамжид зарцуулах мөнгө нэмэгдэж байгаа юм. НҮБ-ын тооцоолсноор ирэх 30 жилийн хугацаанд Японы хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний тоо 25 хувиар буурч, тэр хэмжээгээр татварт төвлөрөх хөрөнгө буурах хандлагатай байгаа аж. Хэдий тийм боловч тус улсын Засгийн газраас гаргасан бондын 90 хувийг дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшиж байгаа учраас Грек зэрэг Евро бүсийн орнууд шиг өрийн хямралд орохгүй гэж шинжээчид дүгнэж байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn