Та энд байна:

Саудын Араб "Blackstone"-тай 20 тэрбум ам.долларын гэрээ байгуулав 

Саудын Араб АНУ-ын "Blackstone", Японы "Softbank" группүүдтэй олон тэрбум ам.долларын гэрээ байгууллаа. Үүгээр тус улс дэлхийн хамгийн том Баялгийн сантай болох зорилгынхоо хүрээнд томоохон ахиц гаргаж буйг шинжээчид онцолж байна. Газрын тосны үйлдвэрлэл, экспортоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб нь эдийн засгаа солонгоруулахад чиглэсэн "Vision 2030" хөтөлбөрийн тусламжтай газрын тосны орлогоос хэт хамааралтай байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаа аж. Энэ чиглэлд тус улсын "Public Investment Fund" Баялгийн сангийн үүрэг оролцоо маш чухал юм байна. Энэхүү сангийн хөрөнгийн хэмжээ удахгүй хоёр их наяд ам.долларт хүрнэ гэж Саудын Араб мэдэгдсэн байна. Газрын тосны салбарт тэргүүлэгч "Aramco" компанийн таван хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд арилжаалснаар энэхүү санхүүжилт бүрдэх боломжтой гэж албаныхан тайлбарлажээ. "Public Investment Fund" сан нь одоогоор “Blackstone” компанитай хамтарч 20 тэрбум ам.долларыг дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэх талаар зөвшилцөлд хүрсэн байна. Үүнээс гадна “Softbank” групп-тэй 100 тэрбум ам.доллар буюу технологийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангийн эхний үе шатыг дуусгаад удаагүй байгаа юм.

 Эх сурвалж: Bloombergtv.mn