Та энд байна:

ОУВС: Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа  

Засгийн газрыг өнгөрсөн долоо хоногт огцруулсантай холбогдуулан Олон Улсын Валютын Сан Монгол Улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдээд байна. Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер "Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа эдийн засгийн боломж болон бодлогын асуудлаар зөвлөлдөнө. Шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно" гэж цахим шуудангаар мэдээлжээ.

Харин Монголбанкнаас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Банкнуудад активын чанарын үнэлгээ хийх ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Энэ сарын сүүлийн долоо хоногт Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл хуралдах товтой байсан юм. Тус хурлаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг үнэлж, дараагийн санхүүжилтийг олгох эсэх шийдвэрээ гаргах ёстой байв. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк БНХАУ-ын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгасан юм. Харин бэлэн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, Олон Улсын Валютын Сангийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.долларыг Монголбанкны дансанд шилжүүлжээ

Эх сурвалж: BloombergTV.mn