Та энд байна:

ЕВРОПЫН ХОЛБОО “ТАТВАРЫН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАДАГГҮЙ ОРНУУДЫН ЖАГСААЛТ"-ААС МОНГОЛ УЛСЫГ ГАРГАВ 

Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нар мягмар гарагт Брюссель хотноо хуралдаж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт"-аас Монгол Улсыг гаргахаар шийдвэрлээд байна. Сангийн сайд нарын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын тавны өдөр хуралдаж энэхүү жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулаад байсан юм. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар тогтоол баталж татварын асуудлаарх сайн засаглалын зарчмуудыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. “Ингэснээр “гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой Монгол Улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо” гэж мэдэгдэлд онцолжээ. УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа зарим хуулийн төсөл үүнтэй холбогдож байгаа юм. Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн төсөл тэргүүтэй гурван хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа талаар Сангийн яам мэдээллээ. “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалт”-аас Европын Холбоо энэ удаад ийнхүү найман улсыг хасаад байна. Энэ дунд Барбадос, Гренад, БНСУ, Макао, Монгол, Панам, Тунис болон АНЭУ багтаж байгааг Европын Холбооны мэдэгдлээс харж болохоор байгаа юм. Ингэснээр эдгээр улсууд Европын Холбооны мониторингийн жагсаалтад орж байгаа аж. Өөрөөр хэлбэл эдгээр улсын татварын талаар хэрэгжүүлэх арга хэмжээг анхааралтай ажиглана гэдгээ Европын Холбооноос мэдэгджээ. Европын Холбооны гишүүн орнуудын Сангийн сайд нарын зөвлөлийг даргалж байгаа Болгар улсын Сангийн сайд Владислав Горанов "Дэлхийн улс орнууд татварын бодлогодоо реформ хийх үүрэг амлалт өгөх талд хүчин чармайлт гаргаж ажилласан. Бидний зорилго бол олон улсад татварын сайн засаглалыг бэхжүүлэх явдал" хэмээн мэдэгдээд байна.

Монгол Улс энэ сард татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форумд гишүүнээр элсээд байна. Мөн татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд өнгөрсөн оны 12 дугаар сард BEPS буюу "Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр"-ийн гишүүнээр амжилттай элссэн юм.

Европын Холбооны мэдээлснээр татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтад Бахрейн, Маршаллын арлууд, Гуам, Намиб, Тринидад Тобаго зэрэг есөн улс үлджээ.

Эх сурвалж: BloombergTV.mn