Та энд байна:

ТӨСВИЙН ЗАРЛАГА, ЦЭВЭР ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ ӨМНӨХ ОНООС 12.3 ХУВИАР БУУРАВ 

2017 онд төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ өмнөх оноос 12.3 хувиар буурсан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ найман их наяд 980 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Үүнээс долоон их наяд төгрөг буюу 77.9 хувийг урсгал зардал дангаараабүрдүүлж байгаа нь эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд чиглэсэн төсвийн хөрөнгө оруулалт хийгдэж, ажилгүйдэл, нийлүүлэлт талын инфляцыг шийдэх талд анхаарахгүй байгааг эдийн засагчид шүүмжилдэг. Зардлын бүтцийг харвал урсгал зардал дотроо хамгийн өндөр хувийг бүрдүүлж байгаа бараа, ажил үйлчилгээний зардал 3.1 их наяд төгрөг давсан байгаа нь 2016 оноос 20 гаруй тэрбум төгрөгөөр буурсан байна.

Үүнээс гадна урсгал шилжүүлгийн хэмжээ 2.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 211 тэрбум төгрөгөөр өсжээ. Гадаадаас татсан санхүүжилт болон дотоодын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны хэмжээ өмнөх жилүүдэд нэмэгдсэний улмаас Засгийн газрын хүүгийн зардал нэг их наяд төгрөг давж, 169 тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин 2018 оны төсвийн нийт зарлагыг 9.6 их наяд төгрөг байхаар батлаад байгаа нь 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээс 6.9 хувиар өндөр байна.

Эх сурвалж: BloombergTV.mn