Та энд байна:

Лондоны хөрөнгийн бирж, "Deutsche Boerse"-тэй нэгдэх хэлцлийг европын холбоо хүлээн авсангүй 

Лондоны Хөрөнгийн бирж Германы "Deutsche Boerse" биржтэй нэгдэх 21 тэрбум фунт стерлингийн хэлцлийг Европын Холбоо хүлээж авсангүй. Учир нь дээрх хоёр бирж нэгдсэнээр санхүүгийн зах зээлд "де факто монополь" бий болгож зах зээлийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлнө гэж Европын Комисс тайлбарласан байна. Европын хамгийн том хоёр хөрөнгийн бирж нэгдэх хэлцэл ийнхүү батлагдаж чадаагүйд харамсаж буйгаа Лондоны Хөрөнгийн биржээс мэдэгдсэн байна. Европын эрх баригчид BREXIT албан ёсоор эхлэх цаг хугацаатай давхцаж Лондон, Германы Хөрөнгийн бирж нэгдэх хэлцэлд татгалзсан хариу өглөө гэдгийг ажиглагчид онцолж байна. Хоёр бирж нэгдэх тухайгаа 2016 оны гуравдугаар сард буюу англичууд BREXIT-ийг дэмжихээс гурван сарын өмнө зарлаж байсан юм. Тухайн үед хоёр биржийг нэгтгэсэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 30 тэрбум ам.долларт хүрч байжээ. Биржүүд Их Британи Европын Холбооноос гарсан ч энэ хэлцэл чухал ач холбогдолтой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Хэдий Европын Комисс шийдвэрээ танилцуулах үедээ "BREXIT нөлөөлсөн" гэсэн хүчин зүйлийг дурдаагүй ч BREXIT-ийн хүрээнд компаниуд төвөө Их Британид байрлуулж нэгдсэн системд багтаж орох шаардлагатай. Харин энэ асуудалд Германд төвтэй компаниуд шүүмжлэлтэй хандаж байгааг ажиглагчид онцолжээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn