Та энд байна:

БНХАУ-ын нүүрсний импорт VII сард 1.6 тэрбум ам.долларт хүрч өсөв  

БНХАУ долдугаар сард 19.46 сая тонн нүүрс импортолсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 8.25 хувиар бага, харин зургадугаар сарынхаас 9.9 хувиар буурсан дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Мөнгөн дүнгээр тооцвол, долдугаар сард БНХАУ-ын нүүрсний импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс 52.38 хувиар өссөн бол өмнөх сарынхаас 6.43 хувиар буурчээ. Дунджаар тооцож үзвэл, нэг тонн нүүрсний ханш 82.22 ам.доллар байгаа нь жилийн өмнөхөөс 32 доллараар өссөн байна. Оны эхний долоон сарын үзүүлэлтээр БНХАУ-ын нүүрсний импорт 152.71 сая тонн болж жилийн өмнөхөөс 18.2 хувиар өссөн байна. Мөнгөн дүнгээр энэ нь 12.93 тэрбум ам.долларт хүрсэн нь мөн л жилийн өмнөхөөс 106.2 хувиар өссөн дүн болжээ. Монгол Улс БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч.

Тэгвэл гол экспортлогчдын нэг “Эрдэнэс-Тавантолгой” компани л гэхэд оны эхний долоон сард БНХАУ-д 5.9 сая тонн нүүрс экспортолсон талаараа мэдээлсэн. Өнгөрсөн долоо хоногт “China Shenhua Energy” компани хоёр нүүрсний уурхайнхаа үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь цаашдаа Монголын экспортлогчид нүүрсний нийлүүлэлт, үнээ нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж “Mongolia Growth Group” таамагласан юм.

Эх сурвалж: BloombergTV Mongolia