Та энд байна:

АХБ: Монгол улсын эдийн засаг 2017 онд 2.5 хувиар өснө 

Азийн Хөгжлийн банкнаас 2017 оны Азийн улсуудын эдийн засгийн өсөлтийн таамгийг танилцууллаа. Энэхүү тайланд Монгол Улсын эдийн засаг 2017 онд 2.5 хувь, 2018 онд хоёр хувиар өснө гэсэн хүлээлттэй байгааг онцолсон байна. 2017, 2018 оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтууд эергээр нөлөөлнө гэж Азийн Хөгжлийн банк таамаглаж байна. Харин эдийн засгийн өөр нэг гол үзүүлэлт болох инфляц ирэх хоёр жилд нэмэгдэнэ. Үүнд төгрөгийн ханшийн уналтаас болж импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь үргэлжлэн нөлөөлөхөөс гадна Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс шатахууны онцгой албан татвараа нэмэхээр болсон нь инфляцыг нэмэгдүүлнэ гэж харж байна. Харин нүүрсний экспорт нэмэгдсэнээр урсгал дансны алдагдал 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьд хүрч буурах төлөвтэй байна гэж таамаглажээ.

Үүнээс гадна Азийн хөгжиж буй эдийн засгуудыг нийтэд нь аваад үзвэл, 2017, 2018 онд 5.7 хувиар өснө гэж тооцоолжээ. Харин Азийн орнуудын инфляцын түвшин 2017 онд гурван хувь, 2018 онд 3.2 хувиар өснө гэсэн таамаг гаргасан байна. Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ирэх онд саарах төлөвтэй байгаа гэж Азийн Хөгжлийн банк таамаглажээ. Мөн БНХАУ-ын эдийн засаг энэ онд 6.5 хувиар өсөх ч ирэх онд энэ өсөлт бага зэрэг саарч, 6.2 хувь болно гэж урьдчилан тооцоолсон байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn