Та энд байна:

"Tesla" Шанхайд салбараа нээхээр болж, "Audi" борлуулалтаараа тэргүүлэв 

TESLA

"Tesla" компани БНХАУ-д автомашины үйлдвэрлэлээ эхлүүлэхээр Шанхай хоттой хамтран ажиллаж байгаагаа баталгаажууллаа. Хотын захиргаатай хэлэлцээрт хүрснээр тус цахилгаан автомашин үйлдвэрлэгчид эдийн засгийн асар том боломж нээгдээд зогсохгүй, үйлдвэрлэл, ажиллах хүчний болон тээвэрлэлтийн зардал нь буурах нөхцөл бүрдэх ажээ. "Tesla" компанийн Гүйцэтгэх захирал Илон Маскийн хувьд энэ оны эцэс гэхэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө илүү тодорхой боловсруулна гэдэгт найдаж буйгаа мэдэгдэлдээ дурдсан байна. БНХАУ-д үйлдвэрлэлээ эхлүүлэх талаар хэлэлцээрт хүрснээр "Tesla" орон нутгийн бусад автомашин үйлдвэрлэгчидтэй илүү хүчтэй өрсөлдөөн үзүүлэх юм. Учир нь хамтын ажиллагаагаа эхлүүлбэл автомашины импортын тариф нь 25 хувиар буурч, “Model S” седан болон “Model X” спорт загварын автомашины үнэ АНУ-ынхаас хямд байж, илүү их ашиг олох боломжтой аж. "Ийнхүү бусад улсад үйлдвэрлэлээ эхлүүлэх нь тус компанийн хувьд дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээлд байр сууриа нэмэгдүүлэхэд шаардлагатай алхам" гэж "Fiat Chrysler"-ийн БНХАУ дахь салбар нэгжийн захирал асан Билл Руссо мэдэгджээ.

AUDI

"Audi" брэнд АНУ-д 77 сар дараалан борлуулалтаараа дээд амжилт тогтоолоо. Тухайлбал, өнгөрсөн онд АНУ-ын авто зах зээлд 200 мянган автомашин борлуулсан цорын ганц автомашин үйлдвэрлэгч болсон байна. Өмнө нь 2010 онд мөн ийм үзүүлэлтэд хүрч байжээ. SUV загварын автомашины эрэлт өндөр байгаа нь тус брэндийг “Q7” зэрэг том хэмжээтэй SUV загварын автомашины хөгжүүлэхэд хүргээд байгаа юм. Хэдий тийм боловч шинэчилсэн "Audi Q5" загварын автомашин нь "Audi Q7" загвараас төдийлөн дутахгүйгээс гадна, хэт өндөр үнэтэй биш, дизайны хувьд брэндийн өнгө төрхийг тодорхойлохуйц байдлаар бүтээгджээ.үзүүлэлтийг нь харвал, "Audi Q5" нь 252 морины хүчтэй, дөрвөн цилиндр хөдөлгүүр, долоон шатлалт автомат хурдны хайрцагтай. Мөн 5.9 секундэд 96.5 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. 2018 оны тус шинэ загварын үнэ нь 41 мянга 500 ам.доллараас эхэлж байгаа ажээ. Харин хоёр нэмэлт хөдөлгүүр, хурдны болон бусад нэмэлт төхөөрөмжүүдээр тоноглосон тохиолдолд түлшний зарцуулалт сайтай энэхүү автомашиныг 54 мянга 300 ам.доллараар худалдан авах боломжтой юм.

Эх сурвалж: BloombergTV.mn