Та энд байна:

Холбооны Нөөцийн банк ойрын хугацаанд бодлогын хүүг өсгөх магадлал нэмэгдлээ 

Холбооны Нөөцийн банкны нээлттэй зах зээлийн хороо энэ сарын эхээр хийсэн Төв банкны хурлын тэмдэглэлээ танилцуулсан байна. Лхагва гарагт танилцуулсан Төв банкны хурлын тэмдэглэлээс харахад Холбооны Нөөцийн банк ойрын хугацаанд бодлогын хүүг өсгөх магадлал улам нэмэгдлээ. Хурлын үеэр Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүд бодлогын хүүг тогтвортой түвшинд барих талаар дурдаж байсан юм. Хэдий тийм боловч 12 дугаар сард хүүг нэмж, цаашид бодлогоо аажмаар чангатгана гэдгээ илэрхийлсэн байна. АНУ-ын ажилгүйдлийн түвшин сүүлийн 16 жилийн доод түвшинд хадгалагдаж байгаатай зэрэгцээд инфляцын үзүүлэлт зорилтот хоёр хувиас доогуур буюу он гарснаас хойш 1.6 хувьтай байгаа юм. Хурлын тэмдэглэлд дурдсанаар "Эдийн засгийн дунд хугацааны төлөвт томоохон өөрчлөлт орохгүй бол ойрын хугацаанд бодлогын хүүг өсгөнө гэсэн байр суурийг бодлого тодорхойлогчид илэрхийлсэн" байна. Төв банкны удирдлагууд хөдөлмөрийн зах зээл, цаашдын эдийн засгийн өсөлтөд харьцангуй эерэг хүлээлттэй байгааг эдийн засагчид онцолж байгаа юм. Хөрөнгө оруулагчдын таамаглаж байгаагаар Төв банк энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүг нэмэх магадлал 90 гаруй хувьтай байна.

Үүнээс гадна Төв банкны зарим бодлого тодорхойлогчид инфляц хоёр хувийн зорилтот түвшнээс доогуур байгаад санаа зовж байгаагаа илэрхийллээ. Учир нь өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын инфляц 1.3 хувьтай гарсан юм. Тиймээс бодлогын хүүг өсгөх эсэхэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай гэж зарим гишүүд үзэж байгаа ажээ. Холбооны Нөөцийн банк ирэх сарын 12-13-нд дараагийн хурлаа хийх товтой байна. Улмаар энэ хурлаар бодлогын хүүг өсгөж магадгүй гэж зарим эдийн засагчид таамаглажээ. АНУ-ын Төв банк энэ онд гурав болон зургаадугаар сард хоёр удаа бодлогын хүүг нэмээд байгаа юм. Хэдий тийм боловч түүнээс хойших гурван уулзалтаар бодлогын хүүд өөрчлөлт оруулаагүй нь инфляцын доогуур үзүүлэлттэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Түүнчлэн цаашид хөдөлмөрийн зах зээл агшвал инфляц эсрэгээр зорилтот түвшнээс давж өсөх эрсдэл байгаа юм. Харин ирэх онд гурван удаа бодлогын хүүг нэмж магадгүй гэдгээ Холбооны Нөөцийн банкны удирдлагууд илэрхийлээд байна. Энэ нь Жанет Йелленийг орлох тус банкны дараагийн тэргүүний баримтлах бодлогоос ихээхэн хамаарах ажээ. Энэ сарын эхээр болсон хурал нь дараагийн тэргүүний нэр тодрохоос өмнө болсноороо онцлогтой. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүнд Жером Пауэллийг нэр дэвшүүлээд байгаа юм.

Эх сурвалж: BloombergTV.mn