Та энд байна:

Вьетнамын үл хөдлөхийн "Vingroup" компани автомашин үйлдвэрлэнэ 

Вьетнам улс мотоцикл, моторт дугуй өргөнөөр хэрэглэдэг 90 сая иргэндээ зориулж өөрийн гэсэн автомашин үйлдвэрлэхийг зорьж байна. Тус улсын үл хөдлөхийн хамгийн том компани "Vingroup" автомашины үйлдвэр, судалгааны төв бүхий иж бүрэн байгууламжтай болох хүрээнд 3.5 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Улмаар анхныхаа автомашиныг хоёр жилийн дараа танилцуулна, өндөр чанартай, өрсөлдөхүйц үнэтэй седан, спорт загварын, мөн цахилгаан автомашинууд үйлдвэрлэхээ онцолжээ. Вьетнамын анхны тэрбумтны үүсгэн байгуулсан "Vingroup" нь энэхүү төслийнхөө санхүүжилтийн дийлэнхийг өөрөө гаргаж, харин 800 сая орчим ам.долларын хөрөнгийг Вьетнамын томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын нэгээс авахаар болсон байна.

БНХАУ, Малайз ч мөн Вьетнамтай төстэй алхам хийж байгаа аж. Олон жилийн турш "Toyota", "Volkswagen" зэрэг гаднын компаниудын эзэлсэн дотоодын зах зээлдээ өөрийн гэсэн илүү хямд брэнд гаргахыг эрмэлзэж буй юм. Хэдий тийм боловч "Vingroup" БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн адилаар дэлхийн хамгийн том авто зах зээлд хэрэглэгчдийг татахад сорилттой тулгарна гэж шинжээчид хэлжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn