Та энд байна:

XI сард 3059 шинэ, 855 холболтын данс нээсэн 

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 11 дүгээр сард аж ахуйн нэгж, иргэд шинээр 3059 данс, 855 холболтын данс нээлгэжээ. Бүтцээр нь харвал нийт данс нээлгэгчдийн 99.4 хувь нь дотоодын иргэд байгаа бол 0.16 хувийг гадаадын иргэд бүрдүүлжээ. Харин үлдсэн хувийг дотоодын болон гаднын аж ахуйн нэгжүүд эзэлсэн байна. Энэ хугацаанд "Гүүдсек" үнэт цаасны компани хамгийн олон буюу 1721 данс нээсэн бол "Бумбат Алтай" компани 400 данс нээж удааллаа.

2017 оны III улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2.08 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.1 хувиар өссөн байна. Тайлант хугацаанд 95 компанийн үнэт цаас арилжаалагдснаас 50 компанийн үнэт цаасны ханш өсөж, 42 компанийн үнэт цаасны ханш буурчээ. Зах зээлийн үнэлгээний 92.8 хувийг 30 компани бүрдүүлсэн бөгөөд эдгээр компаниудын ихэнх нь уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ингэснээр уул уурхайн салбарын өсөлт, бууралттай холбоотойгоор дотоодын үнэт цаасны зах зээлийн үнэлгээнд шууд нөлөө үзүүлж байна гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдэгдлээ. 2017 оны III улирлын байдлаар зах зээлийн үнэлгээг 2016 оны жилийн эцсийн үйлдвэрлэлийн аргаар тооцсон нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээтэй харьцуулахад 8.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 2017 оны III улиралд “Монголын Хөрөнгийн бирж” компаниар дамжуулан нийт 208.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 86.3 хувиар өсжээ. Түүнчлэн нийт арилжааны гурван хувийг хувьцаа, 1.5 хувийг компанийн бонд, 95.5 хувийг ЗГҮЦ-ны арилжаа эзэлсэн байна.

Эх сурвалж: BloombergTV.mn