Та энд байна:

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувийг Төрийн мэдэлд худалдаж авна 

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 40 хувь буюу 10 сая 348 мянга 111 ширхэг хувьцааг давуу эрхийн дагуу Монгол Улсын Засгийн газарт худалдах талаар БНСУ-ын “Кореа телеком корпораци”-аас ирүүлсэн саналыг хэлэлцээд холбогдох хууль тогтоомжийн дагуу Төрийн мэдэлд худалдаж авахаар шийдвэрлэлээ. “Кореа телеком корпораци” өөрийн эзэмшдэг хувьцаагаа хоёр сая таван зуун тавин мянган ам.доллараар худалдах санал гаргасан байна. “Монголын цахилгаан холбоо” компани нь зургаан газар, 15 алба, Улаанбаатар хотын дөрөв, орон нутгийн 23 холбооны газартай бөгөөд 856 ажилтантай. Тус компанийн нийт хувьцааны 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа телеком корпораци”, 5.33 хувийг Монгол Улсын болон гадаадын иргэд эзэмшдэг байна.

“Монголын цахилгаан холбоо” компанийн суурин утас, суурин интернет, кабелийн телевиз гэсэн үндсэн үйлчилгээний зах зээлд эзлэх хувь нь байнга буурч ирсэн бөгөөд одоогоор суурин утасны зах зээлийн 25, суурин интернетийн зах зээлийн 11.3 хувьд борлуулалт хийдэг гэсэн судалгаа гарчээ.

Эх сурвалж: BloombergTV.mn