Та энд байна:

Гадаад худалдааны тэнцлийн ашиг $160 гаруй саяар өслөө 

Монгол улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 693.8 сая ам.долларын ашигтай гарсан гэж Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 160 гаруй сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ гадаад худалдааны нийт бараа эргэлт сүүлийн гурван жил тогтмол буурч байна. Тодруулбал оны эхний зургаан сард экспортын дүн 2.2 орчим тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс 7.4 хувь, хоёр жилийн өмнөхөөс 11.6 хувиар буурчээ. Харин гадаад худалдаа 120 сая ам.долларын алдагдалтай байх үед 2.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан импортын хэрэгцээ гурван жил дараалан буурсаар, 2014 оны хэрэглээний 60 орчим хувьтай дүйх хэмжээнд хүрсэн байна. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын урьдчилсан мэдээлэлд дурдсанаар экспорт, импортын гол зах зээл нь БНХАУ хэвээр байгаа бол экспортын сагсны дийлэнх хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлсээр байгаа юм. Тайлант хугацаанд нийт Монгол улс 6.9 сая тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх жилээс 39 хувиар өссөн дүн болсон байна. Мөн зэсийн баяжмалын экспорт 23 хувиар нэмэгдэж, 817 мянган тонн болжээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn