Та энд байна:

“Эрдэнэс Тавантолгой” 80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав 

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны I улиралд 80 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 40 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд мэдээллээ. Түүнчлэн Улаанбаатарт ирээд байгаа “Chalco” компанийн төлөөлөлтэй уулзаж, зүүн Цанхийн нүүрсийг цаашид ямар үнээр нийлүүлэх талаар яриа хэлэлцээг ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгааг онцоллоо. Энэ он гарснаас хойш “Эрдэнэс Тавантолгой” компани баруун Цанхийн 300 мянган тонн нүүрсийг тонн тутмыг нь 71.5 ам.доллараар борлуулсан, мөн дахин 100 мянган тонн нүүрсийг нь тонныг нь 72.8 ам.доллараар борлуулах тендер зарлаж, тавдугаар сарын 16-нд материал хүлээн авч дуусаад байгаа юм. Энэ он гарснаас хойш зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг тонныг нь 59.3 ам.доллараар “Chalco”-д нийлүүлж байгаа ажээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээ ойролцоогоор дөрвөн тэрбум гаруй ам.доллар буюу 11.4 их наяд төгрөгт хүрнэ гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлжээ. Хэдий тийм боловч зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” төдийгүй “Эрдэнэс Монгол” компанийн хэмжээнд үнэлгээг нь тогтоохоор олон улсын компаниудын дунд тендер зарласан юм. 2017 оны эцсээр үнэлгээг нь хийж дуусна гэсэн хүлээлттэй байгаа гэдгийг “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт мэдээллээ.

Харин одоогоор “Оюу Толгой”-ийн төслийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ нэг тэрбум ам.доллар байгаа гэдгийг “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар онцолж байна. “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, бүтээгдэхүүний гарц нь жигдэрсний дараа 2023 он гэхэд хамгийн өндөр бүтээмжтэйгээр ажиллаж эхлэх тооцоотой байгаа аж. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар 2032 оноос ногдол ашгаа хүртэж эхэлнэ. Хэдий тийм боловч "Бидэнд өр зээл байгаа учраас ногдол ашгаа буцааж төлөх санхүүгийн загвар байгаа" гэдгийг “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээллээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn