Та энд байна:

Deloitte: Азийн улсууд ирэх 10 жилд дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэргүүлнэ 

Азийн хөгжиж буй эдийн засагтай улсууд дижитал технологийн хувьсгалд анхаарал хандуулж эхэллээ. Филиппинээс Индонез хүртэлх Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хөгжиж буй улсууд аажмаар дижитал технологийн хувьсгалд шилжиж байна гэж “Deloitte”-оос гаргасан шинэ судалгаанд дурдсан байна. Учир нь эдгээр улсуудын Засгийн газар, бизнес эрхлэгч болон хэрэглэгчид хөгжилд хүрэхэд тулгарах саадыг давахын тулд дижитал технологийг ашиглаж байгаа юм. Тухайлбал, Энэтхэг улс “Facebook” хэрэглэгчдийнхээ тоогоор АНУ-ыг даваад байна. Тус улсын цахим гүйлгээ өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш энэ оны гуравдугаар сард 59 хувиар өссөн гэж “Deloitte” мэдээллээ. Харин Индонез улсад нэг хүнд ногдох гар утасны хэмжээ 1.3 байгаа төдийгүй хэрэглэгчид гар утасны интернет хандалтыг илүүд үздэг. Үүнээс гадна Индонез улсын “twitter” хэрэглэгчдийн тоо Их Британиас их байгааг "Deloitte"-ийн судалгаа харуулж байна. Улмаар "Азийн улс орнууд дижитал технологийн тусламжтайгаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн төв болоод байгаа. Азийн улсууд ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн эдийн засгийн өсөлтийг тэргүүлсэн хэвээр байна" гэж мэргэжлийн судалгаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч тус байгууллага мэдэгджээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn