Та энд байна:

ОЮУ ТОЛГОЙ: 2016 ОНД 210.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТАТВАР, ХУРААМЖ БОЛОН БУСАД ТӨЛБӨРИЙГ ТӨЛСӨН 

“Оюу Толгой” компани 2016 онд 210.6 сая ам.долларын татвар, хураамж болон бусад төлбөрийг төлж, дотоодын ханган нийлүүлэгчдэд 279 сая ам.доллар зарцуулсан талаар тус компаниас мэдээллээ. "2016 онд “Оюу Толгой”-ийн хамт олон үйл ажиллагааны болон зах зээлийн сорилт дунд маш сайн гүйцэтгэлтэй ажиллалаа" гэдгийг дээрх компанийн Ерөнхий захирал Армандо Торрес онцолжээ. 2016 оны IV улиралд тус компани 25.6 сая тонн хүдэр ил уурхайгаас олборлосон бөгөөд үүнээс 206.7 мянган тонн баяжмал гаргасан нь өмнөх улирлаасаа бага зэрэг өссөн үзүүлэлт болжээ. Харин 2016 оны хэмжээнд баяжмал дахь зэсийн агууламж 201.3 мянган тонн, алтны агууламж 300 мянган унц байсан байна. Борлуулалтын хэмжээ 828.7 мянган тонн болсон нь нийт үйлдвэрлэсэн баяжмалын 97.8 хувь болж байгаа аж. Гүний уурхайн тухайд IV улиралд босоо II болон V амтай холбоотой ажлууд, уурхай дахь байгууламжуудын барилгын ажлыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ хөрс хуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. Нэгдсэн дүнгээр “Оюу Толгой” компани 2010-2016 онд Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, Монгол Улсын төсөвт байгууллагуудад төлж байгаа татвар, хураамж, ажилчдын цалин зэргээр улсын хэмжээнд 6.1 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан талаар тус компани мэдээллээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn