Та энд байна:

RIO TINTO: 2016 ОНД "ОЮУ ТОЛГОЙ" 67 МЯНГА 500 ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ҮЙЛДВЭРЛЭСЭН 

“Rio Tinto” групп 2016 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. 2016 онд “Оюу Толгой”-ийн зэсийн гарц 2015 оныхтой ойролцоо гарсан бол алтны гарц хоёр дахин буурсан болохыг “Rio Tinto” групп үйл ажиллагааны тайландаа дурдсан байна. 2016 онд “Оюу Толгой”-ийн баяжмал дахь зэсийн гарц 6500 тонн, алтны гарц 100 мянга 500 унц болсон талаар “Rio Tinto”-оос мэдээллээ. Зэсийн хувьд 2015 оныхтой ойролцоо буюу дөнгөж 0.5 хувиар бага байгаа бол алтных 54 хувиар бага хэмжээ юм. IV улирлын үзүүлэлтийг харвал алтны гарц III улирлынхаас 32.4 хувиар өссөн байна. 2017 онд тус компани 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унц баяжмал дахь алт олборлохоор төлөвлөж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан "Оюу Толгойн 2016 оны үйл ажиллагаа нь маш сайн байсан. Энэ байдлаа 2017 онд тогтвортой хадгална" гэж “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирал Жеффри Тайгесен мэдэгдлээ. “Оюу Толгой”-ийн гүний уурхайн бүтээн байгуулалтад оны эцэс гэхэд 2000 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд 87 хувь нь монголчууд байжээ. “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources”-ийн 50.79 хувийг эзэмшдэг ба энэхүү эзэмшлээрээ дамжуулан “Оюу Толгой” компанийн 33.52 хувийг шууд бусаар эзэмшиж байна. “Оюу Толгой” төслийн ачаар “Rio Tinto” төмрийн хүдрийн зах зээлээс хэт хамаарахаа болино гэж “Bloomberg”-ийн шинжээчид дүгнэж байгаа юм.

“Rio Tinto”-ийн бүтэн жилийн үзүүлэлтээс харвал зэсийн баяжмалын гарц нь дөрвөн хувиар өссөн нь өмнө нь таамаглаж байснаас тааруухан болжээ. Энэ нь АНУ дахь Кеннекоттын ордын гарц тааруухан байсан зэрэг бусад үзүүлэлтээс хамаарсан гэдгийг “Rio Tinto” онцолж байна. Төмрийн хүдрийн хоёр дахь том экспортлогч “Rio Tinto” IV улиралд 87.7 сая тонн төмрийн хүдрийн борлуулсан нь хүлээлтээс давсан үзүүлэлт болжээ. Мөн III улирлынхаас найман хувиар нэмэгдсэн байна.

“Rio Tinto”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак "Бид бүтээмж, бэлэн мөнгөний урсгалаа сайжруулснаар 2016 оны үйл ажиллагааны үзүүлэлт маш сайн гарлаа. Бид 2017 онд энэ ололтоо хадгална" гэж мэдэгджээ. Цаашид БНХАУ-ын импорт нэмэгдэхтэй зэрэгцээд төмрийн хүдрийн ханшийн төлөв тогтвортой байна гэж Австралийн Засгийн газар, “RBC Capital Markets” тэргүүтэй томоохон банкнууд таамаглаж байна.

Төмрийн хүдрээс гадна 2016 онд “Rio Tinto”-ийн коксжих нүүрсний гарц дөрвөн хувиар өсжээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Австралид “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 1.3 хувиар өсөж, 64.04 австрали доллар болоод байна. Сүүлийн гурван сард 26.5 хувиар өссөн байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn